Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө халлаа
2018-03-23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, генерал Герберт Макмастер өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

 

Генерал Макмастер ямар шалтгааны улмаас албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон нь нууц хэвээр байна.

 

Цагаан ордны мэдээллийн дараахан Ерөнхийлөгч Трамп түүний залгамжлагчаар Жон Болтоныг томилж буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

 

Трамп твиттер хуудастаа “Өөрчлөлт үргэлж л болдог. Та бүхэн өөрчлөлтийг хүсч буй байх. Надад олон бодол, төлөвлөгөө бий” гэж жиргэсэн байна.  Жон Болтон нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед ажиллаж байсан, туршлагатай улстөрч хүн юм.

 

Ажлаа хүлээлгэн өгөөд буй генерал Макмастер Ерөнхийлөгч Трамптай байнга зөрчилддөг байсан бөгөөд нэг бус удаа ам мурийж байжээ.

 

Трамп эртнээс түүнийг халахаар зэхэж, улмаар өөрийн талын хүнээрээ солих төлөвлөгөөтэй байсан гэнэ.

 

Цагаан ордны тэргүүн ийнхүү ганцхан долоо хоногийн дотор улсын хамгийн чухал албыг тэргүүлдэг гурван эрхмийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх Гэри Кон нар огцроод байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин