Трампын ГАНЦХАН хориг ДЭЛХИЙД дайн дэгдээх үү
2018-03-23

 

Трамп Хятадын эсрэг шинэ хориг тавихаа мэдэгдлээ. Энэ талаар “CNN” болон “www.telegraph.co.uk” сайт мэдээлжээ.

 

 

Их гүрнүүдийн дундах зөрчилдөөн улам хүрээгээ тэлсээр. Хүчирхэг эдийн засагтай АНУ болон БНХАУ-ын хооронд дэгдэхэд ганцхан алхам дутаад буй худалдааны “ДАЙН” хэдийнэ дэлхийн гол анхааралд байна.

 

Хоёр улс харилцан нэг нэгэндээ цохилт өгвөл дэлхийн эдийн засаг удаашрах магадлалтай байгааг эдийн засагч нар дуу нэгтэйгээр мэдэгдсээр. Эдийн засагч нарын зөгнөл биелэх үү.

 

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Бээжингийн эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.

 

“Хятадын компаниуд олон жилийн турш Америкийн бизнес эрхлэгчдийн оюуны өмч бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, хулгайлах хууль бус ажиллагаа явуулдаг, уг хэргийг мэдсээр байж Бээжин ямар ч арга хэмжээ авдаггүй” хэмээн Цагаан ордны тэргүүн ууртайгаар хэллээ.

 

Тэрбээр уг шалтгааны улмаас БНХАУ-ын эсрэг хориг тавихаар болсон талаар тус улсын Төрийн Департамент мэдэгджээ.

 

Оюуны өмчийн асуудлаар АНУ-ын үе үеийн эрх баригчид БНХАУ-ын удирдлагуудтай хамтран ажиллах, хяналт тавихыг хүсдэг ч өнөөг хүртэл уг ажил ганц ч алхам урагшлахгүй байгаа нь Трампыг эгдүүцлийг төрүүллээ.

 

Хятадын бизнес эрхлэгчид, хувь хүн оюуны өмч зөрчиж хууль бус ажиллагаа явуулсны хариуд Вашингтон татвар ноогдуулах болон бусад арга хэмжээг авах гэнэ. Трамп уг хоригоо баталбал Хятадын бизнес эрхлэгчид хүндхэн цохилтод орж, тус улсын эдийн засаг савлах нь тодорхой.

 

Трамп энэ сарын эхээр ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулсан нь худалдааны дайн дэгдэх эхлэлийг тавьсан хэмээн үздэг.  Хэрвээ Трамп, Бээжингийн эсрэг шинэ хориг тавьбал худалдааны дайн жинхэнэ утгаараа дэгдэж, олон улс уг худалдааны “дайны хохирогч” болох эрсдэлтэй байна.

 

Төрийн Департаментын мэдэгдэж буйгаар “Цагаан ордны тэргүүн ойрын хугацаанд шинэхэн хоригоо танилцуулан, улмаар батлахаар төлөвлөж байгаа” талаар өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр Бээжинд хоёр ч  удаа сануулжээ.

 

“Энэхүү хоригийг баталвал Бээжин зүгээр хараад суухгүй. Харилцан хатуу хориг тавьж, үл харагдах галт сумаар нэг нэгнээ харвах нь тодорхой” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв.

 

Импортын бараанд оноох татварын нийлбэр дүн 30-60 тэрбум ам.доллар болох төлөвлөгөөтэй байна.

 

АНУ, БНХАУ-ын эсрэг хоригийг Дэлхийн худалдааны байгууллагад гаргахаар болжээ.

 

Хятадын зах зээлд нэвтрэх зорилготой Америк компаниудыг нууцлалын зэрэглэлтэй технологийг шилжүүлж авах нөхцөлийг Бээжин тавьдаг. Улмаар компанид нууцлалаа алдаж, их хэмжээний хөрөнгө оруулалт болон цаг хугацаа шаардсан бүтээгдэхүүний нууцлалаа дэлгэхэд хүрдэг нь АНУ-д дарамт учруулдаг.

 

Оюуны өмчийн асуудлаас гадна Хятадын компаниуд АНУ-ын стратегийн чухал салбаруудад хөрөнгө оруулах, худалдан авах болон санаатайгаар кибер халдлага үйлдэж, нууц мэдээллийг хууль бусаар олж авсан гэгдэх хэд хэдэн зөрчлийг шалгалтаар тогтоосон юм.

 

Трамп Ерөнхийлөгч болоод “АНУ, БНХАУ-тай хийж буй худалдаа бидэнд бус тэдэнд ашигтай байна. Бид их хэмжээний алдагдал хүлээж байна” хэмээн хатуухан мэдэгдсэн. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Си Зиньпинийг өнгөрсөн онд Вашингтонд айлчлахад энэ талаараа мэдэгдэж, “Харилцан ашиг олох ганцхан нөхцөлтэй” хэмээн хэлжээ.

 

Саяхан Си Зиньпин намын үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, улмаар улсаа бүх  насаараа удирдахаар болсон юм.

 

Тэрбээр өөрийн эрх мэдлээ “Бах бөх” болгосоор байгаа бол харин Трампын нэр хүнд улам доошилсоор. Түүний гаргаж буй шийдвэр болон биеэ авч яваа байдал нь олныг дургүйцүүлж, эрх мэдэл нь “ганхсаар” байна.

 

Трамп ганцхан долоо хоногийн дотор АНУ-ын топ гурван салбарыг тэргүүлдэг гурван эрхмийг чөлөөллөө.

 

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, генерал Герберт, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх Гэри Кон нар албан тушаалаасаа огцроод байна.

 

Цагаан ордны “баатрууд” гэгдэх тус баг өдрөөс өдөрт хүчгүйдэж, улмаар таран бутрахад ойртсоор.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин