Монгол үнэхээр амар тайван орон
2018-03-30

Засгийн газрын тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дуугаргахаар болсон. Үүний дагуу өчигдөр /2018.03.29/ 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарсан. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дохио дуугарах мөчид Нийслэлийн “Хангарьд” ордонд ажлаар явж таарлаа. Гамшгийн дохио дуугарах ахуйд “Ширээн доогуураа нуугдаарай”, аюулгүй байдлаа сахиж төв талбайд гарч жагсаарай” хэмээн Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагч  тус ордны ажилтнуудад өрөө нэг бүрээр нь орон сануулж байлаа. Харин ажилчдын зарим нь ширээн доогуураа нуугдаж, нуугдсан нэгнийхээ зургийг өнөө хэд нь авч, шоглон инээлдэх аж. Энэ нь ч аргагүй биз. Манайх шиг амар тайван оронд гамшгийн дохиогоор сургуулилт хийж муу ёрлолоо гэх өндөр настантай ч гудамжинд таарсан. Жилдээ нэг удаа ингэж сургуулилт хийснээс биш жинхэнэ дохиогоор  аюулгүй байдалд жагссан удаа бидэнд байхгүй учраас Монгол үнэхээр амар тайван орон юм.

 

Онцгой байдлын хаагч шатаар ханаа дагаад буухыг зөвлөж байв. Гамшгийн дохио хоёр дахь удаагаа дуугарахад тус ордны ажилчид гадаа гарч амжаагүй байсан бөгөөд шатаар тайван алхацгааж харагдсан. “Хангарьд” ордон болоод НЗДТГ нийт 3000 орчим ажилттай аж. Гамшгийн дуут дохиогоор 560 албан хаагч, төв талбайд гарч жагссан байв.

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот нэг сая 370 мянган хүн амтай. Ийм том хотын хувьд болзошгүй гамшгийн үед бэлэн байх сургалт зайлшгүй чухал. Тийм учраас онцгой байдлын газраас улс орон даяар бэлэн байдлын дохиоллын үеэр хэрхэн ажиллах дадал сургуулилтад иргэд идэвхитэй оролцож байна. Улаанбаатар хотын ойр орчимд сүүлийн жилүүдэд газар хөдлөлт идэвхижих хандлагатай байгаа. Зөвхан газар хөдлөлт биш дэлхийн дулааралтай холбоотойгоор дэлхий нийт байгалийн гамшгийн үед хот хэрхэн бэлэн байх вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Улаанбаатар хотын хувьд бүх барилгыг паспортжуулж байгаа. Жил тутамд 100 сая төгрөг төсөвлөж барилгуудаа паспортжуулж газар хөдлөлтийн тэсвэржилтийг тогтоож байгаа. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг акталж дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барилга барих ажлыг хийж байгаа. Өнөөдрийн /2018.03.29/ сургуулилтын үеэр ЗДТГ болон Сүхбаатарын талбайг тойрон байрладаг байгууллын иргэн, ажилчид төв талбайд гарч ирэн аюулгүй байдлаа хангаж ажиллаа. Иргэдийг байнга ингэж сургуульж байх ёстой. Хангарьд ордон шинэ барилга. Харин  ЗДТГ, НИТХ байрладаг байр нь 1940-өөд оны үед баригдсан газар хөдлөлтөд тэсвэргүй барилгад багтдаг юм билээ. Нийтдээ 3000 орчим албан хаагч байдаг. Өдөрт дунджаар 12-15 мянган хүн үйлчлүүлдэг тоон судалгаа бий” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Н.Нямхорлоо “НЗДТГ-ын нэг, хоёрдугаар байрны төрийн албан хаагчид төв талбайд цуглалаа. Нийслэлийн хэмжээнд 110 газар хөдлөлтийн үед аюулгүй талбай бий. Үүний нэг нь Сүхбаатарын талбай. Төв талбайд аж, ахуй нэгж байгууллагын 1542 хүн  цуглалаа. Сүхбаатарын талбай нь гамшиг, газар хөдлөлтийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд талбайн хэмжээ хүрэлцээтэй тул үүнийг тусгайлан сонгосон. Мөн Чингэлтэй дүүрэгт 18, СХД 16 гэх мэт тусгай томилоот талбайд ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ жилийн хувьд иргэд, төрийн албан хаагчид харьцангуй идэвхитэй оролцлоо. Мөн энэ жилийн онцлог нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Одоогоор 562 иргэний нүүлгэн шилжүүлсэн мэдээлэл ирээд байна” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ккк:
Хотын төвийн өнгөрсөн зууны шавар тагзнуудаа буулгаач. Суурин дээр нь өөр барилга бариач.
2018-03-30