Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих санал боловсруулахыг хүслээ
2018-4-2

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө.

 

Энэ үеэр “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоол хэрэгжсэнтэй холбогдон нүүрсний тээвэрлэлтэд гарсан эерэг, сөрөг тал, үүсээд буй нөхцөл байдлын талаар хил, гаалийн байгууллагууд болон уурхай эзэмшигч нарын саналыг сонсов.

 

Өнөөдрийн байдлаар Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд их хэмжээний нүүрсний нөөц бий болсноос гадна уурхайгаас гаалийн хяналтын бүс болон Гашуунсухайт боомтын чиглэлд хоёр талдаа 20-25 км-ийн тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна.

 

 

Иймд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Уурхайд хийгдэж буй нүүрсний ачилт, хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоо болон экспортлох нүүрсний хэмжээтэй уялдуулж хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр тээвэрлэлтийн гэрээ байгуулж, зөвшөөрөл олгож байх чиглэлийг уурхайн удирдлагууд болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын даргад үүрэг болголоо.

 

Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Таван толгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлд төмөр зам болон Таван толгойн ордоос Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл авто зам барих чиглэлээр санал боловсруулж, танилцуулахыг уурхай эзэмшигч нараас хүсч, гаргасан боломжит саналыг Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

 

Shuud.mn
Сонин хачин