Худалдааны “дайн”-ыг БАРДАМ ЗАН дэврээлээ
2018-04-03

АНУ, БНХАУ-ын дундах дайн хяналтаас гарч буй талаар олон улсын ажиглагчид мэдэгдлээ. Энэ талаар “ВВС”, “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Дэлхийн тэргүүлэгч гүрэн болох АНУ болон БНХАУ-ын дунд дэгдсэн “Худалдааны дайн” хүрээгээ тэлсээр байна. Хэдхэн өдрийн өмнө “галын дөл” байсан уг асуудал хэдийнээ “түймэр” болсон гэхэд хилсдэхгүй.

 

Хоёр улсын дунд үүссэн маргаанаас үүдэж олон орон “хохирогч” болох өндөр магадлалтай байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Бээжингийн эсрэг шинэ хориг тавихаа мэдэгджээ. Трамп, Хятадын бизнес эрхлэгчид, хувь хүн оюуны өмч зөрчиж хууль бус ажиллагаа явуулсаны хариуд татвар ноогдуулах болон бусад арга хэмжээг авахаа мэдэгдсэн нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн юм.

 

Цагаан ордны тэргүүн ийнхүү худалдааны дайны эхлэлийг тавьсан бөгөөд “уг дайнд БНХАУ хохирогч болохгүй” гэх Бээжингийн шийдвэр дайны талбар дахь анхны тэсрэх бөмбөгийг дэлбэлжээ.

 

Ерөнхийлөгч Трамп оюуны өмчийн талаарх хуулийг батлахаа мэдэгдэхээс урьтаж, ган болон хөнгөн цагаан тэргүүтэй импортын тарифыг өнгөрсөн сарын 23-нд нэмэгдүүлэж, 50 тэрбум ам.долларын татвар ноогдуулсан нь Бээжингийн эгдүүцүүлсэн билээ. Уг шийдвэрээ эргэн харахыг Бээжин олонтоо Вашингтонд сануулсан ч Трамп эрс татгалзжээ.

 

 

АНУ, БНХАУ-ын буулт хийхээ мэдэхгүй “Бардам зан” нь олон улсад худалдааны дайн дэгдээж, дэлхийн эдийн засгийг хямрааж эхэллээ.

 

Бээжин энэ амралтын өдөр АНУ-аас импортоор авдаг гурван тэрбум ам.долларын 128 төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 15-25 хүртлэх хувиар нэмэгдүүлсэн байна. Уг татварын шинэчлэл өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Америкийн бизнес эрхлэгчид зогсонги байдалд оров.

 

“АНУ-ын татварын шинэ бодлого бидний ашиг сонирхлыг ихээр зөрчсөн. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн явдал” хэмээн БНХАУ-ын Сангийн яамнаас мэдээлэв.

 

Америкийн бизнес эрхлэгчид өнгөрсөн онд Хятад руу 20 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Зөвхөн гахайн махны экспортын орлого 1.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна.

 

“АНУ-аас авдаг хатаасан алим, самар, дарс зэрэг бүтээгдэхүүнд 15 хувийн татвар оноосон бол хөлдөөсөн гахайн мах зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулсан болох”-ыг БНХАУ-ын Засгийн газраас мэдээллээ.

 

БНХАУ-ын Сангийн яам нэр дурьдсан бүтээгдэхүүнүүдэд татвар нэмэгдүүлсэн гэдгээ АНУ хандан мэдэгдэж, “Хоёр улсын дунд үүсээд буй хямралыг яриа хэлэлцээрийн тусламжтай шийдвэрлэх бүрэн боломжтой” хэмээн сануулав.

 

Бээжингийн яриа хэлэлцээр хийх хүсэлтийн хариуг Вашингтон хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Трамп “Олон жилийн турш АНУ-аас БНХАУ илүү ашигтай ажилласан” гэсэн байна.

 

Хоёр улсын дунд үүсээд буй маргааныг энхийг замаар шийдвэрлэхийг Британийн Гадаад хэргийн яам хоёр талд уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Оюуны өмч хулгайлчаад тэрийн болиулхаар уурлад байдаг ХЯТАД гэж даварсан улс шүү.
2018-04-05