Уругвай улсын Гадаад хэргийн дэд сайд айлчлав
2018-04-03

 

Талууд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой 2017 онд тохиосныг онцлон тэмдэглээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, спорт, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов. Уругвайн тал хөдөө аж ахуйн салбар, ялангуяа экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг дэмжих бодлого, эрх зүйн орчныг бий болгосон туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

Уругвайн төлөөлөгчдийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хүлээн авч уулзах үеэр айлын тал хөдөө аж ахуйн чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан төлөөллийг Монгол руу ойрын хугацаанд ирүүлэхээ мэдэгдэхийн зэрэгцээ манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг Уругвай Улсад айлчилж, тус улсад болох хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн яармагт оролцохыг урив.

 

Уругвай Улс нь улс төрийн хувьд тогтвортой, эдийн засаг нь өндөр өсөлттэй байгаагийн зэрэгцээ хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбар өндөр хөгжсөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн амжилттай хөгжүүлсэн зэрэг сайн туршлагатай орон юм. Тухайлбал, тус улс 12 сая үхэртэй, 7,7 сая хоньтой, дэлхийн үхрийн махны экспортын 4.8 хувийг эзэлдэг, 8 дахь том мах экспортлогч орон. Хөдөө аж ахуйн салбар Уругвайн нийт экспортын 60 гаруй хувийг эзэлдэг ба үхрийн махныхаа 70 хувийг хагас боловсруулсан ба хөлдөөсөн хэлбэрээр дэлхийн 100 гаруй оронд нийлүүлдэг аж.  Уругвай нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс бүрэн ангижирсан, үхэр сүргийг 100% бүртгэлжүүлжээ. Бэлчээрийн мал аж ахуй, мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох, экспортыг дэмжих нэгдсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлж иржээ.

 

 

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж чадсан Уругвай Улс эдүгээ нийт цахилгаан хэрэглээний 95 хувь, эрчим хүчний хэрэглээний 55 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, тэр дундаа салхины эрчим хүчнээс гарган авч байна.

 

Айлчлалын үеэр Талууд хоёр орны ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурав. Ийнхүү манай улс Өмнөд Америкийн орнуудаас Аргентин, Бразил, Венесуэл, Колумби, Куба, Парагвай зэрэг улстай улс төрийн зөвлөлдөх уулзалт хийх байнгын механизмтай болж байгаа юм. Мөн манай улсын иргэд Бразил, Куба, Аргентин, Эквадор, Уругвай зэрэг улсад визгүй зорчих нөхцөлөөр хангагдаж байна.

 

Дэд Сайд А.Бергаминог Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзаж, талууд энхийг сахиулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх, батлан хамгаалах салбарын албан хаагчдын чадавхийг  дээшлүүлэх, “Хааны эрэлд” олон улсын сургуулилтад уругвайн талыг оролцуулах, харилцан төлөөлөгч солилцох зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

 

Уругвайн Гадаад хэргийн дэд сайдын Монголд хийж буй айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

 

Монгол, Уругвайн хооронд 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

 

Уругвай нь 3,5 сая хүн амтай, томоохон хүнсний үйлдвэрлэгч орон төдийгүй  сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, цахим засаглал, цахим оролцоогоор бүс нутаг болон дэлхийд тэргүүлэгч орны нэг болсон байна.

Shuud.mn
Сонин хачин