Путин: Турк улсад “S-400” пуужингийн систем нийлүүлэх ажлыг түргэвчилнэ
2018-04-04

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Турк улсад айлчлал хийж буй талаар “TASS” агентлаг мэдээллээ. Кремлийн тэргүүн Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамтаар тус улсын анхны цөмийн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслолд оролцжээ. 

 

 

“Аккую” нэртэй уг цөмийн цахилгаан станц ирэх 2023 онд ашиглалтад орох юм.  ОХУ-ын “Росатом” компани уг цахилгаан станцыг нийт 20 тэрбум ам.долларын өртгөөр барьж байна.

 

Ерөнхийлөгч Путин хэвлэлийн хурлын үеэр “Турк улсад “S-400” пуужингийн систем нийлүүлэх ажлыг түргэвчлэх болно. Хоёр улсын харилцаа алхам алхмаар урагшилж байна. Энэ бол Турк-ОХУ-ын харилцааны хамгийн сайн илэрхийлэл юм” хэмээн мэдэгдлээ.

 

Мөн тэрбээр Британид охиныхоо хамтаар химийн хортой бодисонд хордсон гэгдээд буй ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипалийн хэргийг “Химийн зэвсэг хориглох байгууллагатай хамтран ажиллаж, нарийн хэлэлцэх болно” гэдгээ уламжлав.

 

Тагнуулчийг хордуулсан химийн зэвсгийг “аль улсад үйлдвэрлэсэн гэдгийг тогтоож чадаагүй” бөгөөд Британийн эрх баригчид ямар ч баталгаагүй мэдээлэл дээр үндэслэн ОХУ-ыг буруутгаж, 23 дипломатчдыг нь хөөсөн юм.

 

Мөн АНУ, Канад тэргүүтэй 27 улс ОХУ-ын 150 гаруй дипломатчдыг албадан гаргаад байна.

 

ОХУ-ын 4.7 сая жуулчин өнгөрсөн онд Туркт амрахаар иржээ. “Энэ тоо 2018 онд 6 саяд хүрэх болно” хэмээн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин