“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шат эхэллээ
2018-04-04
Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Элэг бүтэн Монгол-II”  үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр Мишээл экспо төвд  боллоо. Уг аяны нээлтэд  Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл болоод албаны хүмүүс оролцлоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд 15- 39 насныхныг элэгний B, С вирусийн эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж, иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгөх юм. Шинжилгээ өгөхийг хүссэн иргэдийн урт дараалал үүссэн ч манай эрүүл мэндийн байгуулгын ажилчид хурдан шуурхай үйлчилж байгаад иргэд сэтгэл хангалуун байна. 

 

Нээлтийн арга хэмжээнд улсын болоод хувийн эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын төв болон дүүргийн салбар хэлтсүүд, лабораториуд, эм ханган нийлүүлэх төвүүд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Монос групп элэгний С вирусийг бүрэн устгадаг “VIRPAS” гэх эмээ онцлон танилцуулж сонирхож буй хүмүүст зөвлөгөө өгч байлаа. Авах хүсэлтэй иргэд цөөнгүй байсан ч энэ эмийг зөвхөн эмчийн жороор олгодог аж.

 

Харин Хавдар судлалын үндэсний төв “RFA” хэмээх хагалгааны явцад элгийг хайрч түлдэг аппарат танилцуулж, малын элгэн дээр туршилт хийн, иргэдэд сонирхуулж байв.

 

 

Өмнө нь хагалгааны явцад элэгний С вирустэй болсон Н.Жигмэд “Элэг бүтэн Монгол- I” аяны илрүүлэг шинжилгээнд хамрагдан, Харвони эмийг хэрэглэн эрүүлжжээ. Тэрбээр “Залуу хүүхдүүд та нар төр засаг харж үзэж байгаа дээр эртхэн үзлэг шинжилгээнд хамрагдаарай” хэмээн аминчлан захиж байлаа.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “ Ард иргэддээ хөнгөлөлттэй эм олгох үүднээс зохин байгуулалттай арга хэмжээг авсан. Өмнө нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг зөвхөн харъяа дүүргээсээ авдаг. Харин одоо цахим хэлбэрт шилжсэнээр дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авах боломжтой байгаа” гэлээ.

 

Өвчтөн нийгмийн төлөөллийн Ерөнхийлөгч Д.Пүрэв “Манай хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бүгд  эрүүл болсонд би их баяртай явдаг. Харин эрүүл мэндийн сайд албаны хүмүүстэйгээ  ирээд уриа лоозонгийн хэдхэн үг хэлээд гараад явчихлаа. Бидэнд хэлж ярих зөндөө асуудал байсан юм. Энд маш олон эмч, эмийн үйлдвэрүүдийн төлөөлөл ирсэн байна. Энэ хүмүүстэй, өвчтнүүдийн төлөөлөлтэй уулзаагүй гарсанд харамсаж байна” хэмээн Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад гомдлын үг дамжуулав.

 

“Элэг бүтэн монгол-II” хөтөлбөрийн нээлтийн үеэр тус аян иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар тодрууллаа.

 

Сүхбаатар  дүүргийн  17-р хорооны иргэн Д.Цэцгээ “Элэгний В, С вирусийн шинжилгээ өглөө, түргэн сайхан үйлчилж байна. Одоо ЭХО-д  харуулчихмаар байна. Ийм аян болж байгаад сэтгэл өндөр байна” гэлээ.

 

 

Сүхбаатар аймгаас ирсэн иргэн Х.Пүрэвсүрэн  “Үзэсгэлэн худалдаа үзэж яваад шинжилгээ өгөөд, хариугаа хүлээгээд зогсож байна. Хариу нь 10 минутын дараа гарна. Вирус илэрвэл үнэ төлбөргүй  тоолоод өгнө гэсэн, их сайхан үйлчилж байна” гэсэн аяны талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин