Цагаачдын эсрэг АНУ армиа ХӨДӨЛГӨНӨ
2018-04-05

Трамп хууль бус цагаачдаас улсаа хамгаалахын тулд АНУ, Мексикийн хил дээр хана барьж буй билээ. Энэхүү бүтээн байгуулалт өрнөж буй бүс нутаг руу Цагаан ордны тэргүүн цэргээ илгээхээ мэдэгдлээ. Энэ талаар “ВВС”, “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай хийж буй худалдааны дайнаас гадна 2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр америкчуудад амласан томоохон амлалтаа биелүүлээд тун завгүй явна.

 

Цагаан ордны тэргүүн сонгуулийн өмнө АНУ-тай хиллэх Мексикийн хил орчимд хана барьж, тус улсаас “цутгах” цагаачдад хяналт тавихаа амласан. Улс төрийн талаар “А” мэдэхгүй Трамп, Хилари Клинтон гэх хүчтэй өрсөлдөгчөө ялахад энэ амлалт томоохон үүрэг гүйцэтгэсэн гэхэд буруутахгүй.

 

Уг амлалт хэдийнээ ажил хэрэг болсон бөгөөд хоёр улсыг зааглах хана баригдсаар байна.

 

Мексикийн иргэдээс АНУ-ын газар нутгийг хамгаалж, хана барьж байгаа ч хилийн хамгаалалтынхан өдөр бүр “хууль бус цагаач”-тай нүүр тулах болсон нь Ерөнхийлөгчийн сэтгэлийг ихэд чилээх болжээ. Тэрбээр дээрх эмх замбараагүй байдлыг хяналтад оруулах нэгэн ухаалаг санааг олсон талаараа өчигдөр Цагаан ордондоо сэтгүүлчдийг хүлээн авах үеэрээ мэдэгдлээ.

 

Трампын ухаалаг санаа нь хоёр улсын хил дээр баригдаж буй томоохон бүтээн байгуулалтыг асуудалгүй үргэлжлүүлэх, хилийн хамгаалалтын ажилчдын “толгойны өвчин” болоод буй хууль бус цагаачтай тэмцэх хүчирхэг армийг илгээх гэнэ.

 

 “Армийнхан тус бүсийг хамгаалсанаар ирээдүйд учирч болох олон бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн Трамп мэдэгдлээ. Тэрбээр энэхүү үйлдлээ “Том алхам” хэмээн тодорхойлжээ. Хана баригдаж дуусах хүртэл армийнхан тус бүсийг хамгаалах гэнэ.

 

“Мексикчүүдээс гадна Төв Америкийн цагаачид АНУ-ыг эртнээс заналхийлж байсан. Өмнөх Ерөнхийлөгч нар тэднийг хэтэрхий их эрхлүүлжээ” хэмээн Трамп хатуухан хэлэв.  Түүний хэлснээр “Маш үзэсгэлэнтэй хана” хэмээн нэрийдсэн 3200 км үргэлжлэх уг бетонон ханыг барьж дуусахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай аж.

 

 

“Энэхүү тусгаарлах хана барих ажил хэтэрхий удаашралтай байгаа нь хууль бус цагаачдад сайхан боломж олгож байна. Энэ бүхэн сөрөг хүчин Ардчилсан намыхны буруу. Тэд хана барихад зарцуулах төсвийг батлахад саад болж байна. Хана бүрэн баригдаж дуустал цэргүүд хууль бус цагаачтай тэмцэх болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Хэдэн цэрэг, зорьсон газраа хэзээ хүрэх нь нууц байгаа бөгөөд энэ талаар Трамп “Би энэ асуудлаар Батлан хамгаалах яамны сайд Жеймс Маттистай ярилцсан. Удахгүй бүх зүйл тодорхой болно” гэлээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн 2010 оны тавдугаар сарын 25-нд армийн 1200 цэргийг АНУ-Мексикийн хил рүү илгээж байв. Цэргүүд албаныхны хамтаар хоёр талд ажилладаг хууль бус гэмт бүлэглэлтэй тэмцэж байжээ. Энэ үед хүний наймаа, эрхтний наймаа болон хар тамхи хил дамнуулах хэргүүд хүчээ авч, эрчимтэй цэцэглэж байсан учир Обама цэргээ илгээхээс өөр сонголтгүй болж байжээ.  

 

Гэхдээ хоёр улсын хил дээр хана барих талаар анхлан Трамп дуугараагүй. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байхдаа хууль бусаар мансууруулах бодис оруулж ирэх явдалтай тэмцэх хүрээнд хоёр улсын хил дээр 3145 км урттай хана барих санал гаргаж байжээ. Гэхдээ уг санал сенаторуудаас дэмжлэг авалгүй, царцсан аж.

 

Мөн Ерөнхийлөгч асан бага Буш 2006 “Secure Fence Act” гэх бичиг баримтанд гарын үсгээ зурж, хоёр улсын хил дээр 1100 км үргэлжлэх хаалт барих ажлыг эхлүүлж байжээ. Уг ажлыг гүйцэтгүүлэхийн тулд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байв. Бүтээн байгуулалтын ажил хэтэрхий удаан байсан учир тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд уг ханыг ашиглалтад оруулж чадаагүй. Хана баригдсан өдөр тэрбээр тус бүс рүү 6000 цэргээ илгээхээр төлөвлөсөн ч талаар өнгөрчээ.

 

Трамп болон бусад Ерөнхийлөгч нарын хэлж байгаа шиг хана барих ажил тийм ч амархан биш. Учир нь хил залгаа орших Техас мужийн Эль Пасогоор баруун хэсэг тэр чигтээ элсэн цөл. Мөн хоёр улсын хилээр урсах Рио Гранд голын хувь тавилан бүрхэг байна.

 

Хэрвээ голын урсгал өөрчлөгдөх, ширгэх гэх аймшигт сонголтын өмнө ирвэл олон хүн, амьтан ангахад хүрэхээс гадна экологийн хувьд томоохон гамшиг тохиолдох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин