Б.Энхцаг: Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд бодлого хэрэгтэй
2018-4-9

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн автобус эвдрэх, шатах зөрчил цөөнгүй гарах боллоо. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын  ерөнхий инженер Б.Энхцагаас дараах тодруулгыг авлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн хичнээн автобус үйлчилгээнд явж байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар “Daewoo BS-106” маркийн 2009 онд ашиглалтад орсон, Засгийн газрын шугамаар худалдан авсан 400 автобусны 250 нь манайд явдаг. Эдгээр автобус нь 2009 оноос хойш ес дэх жилдээ өнөөдрийг хүртэл 650 мянга гаруй километр гүйсэн байна. Нийтийн тээврийн холбогдох стандартын дагуу эдгээр автобус нь стандартын дагуу 12 жилийн дараа ашиглалт, насжилт гүйцээд хэрэглээнээс хасагдах ёстой. Одоо гурван жил үлдсэн боловч автобус өөрөө хуучралттай, нэлээдгүй гүйлт нь ихэссэн учраас нийслэлийн иргэдийн шаардлага хэрэгцээг тэр бүр хангаж чадахгүй байна. Угсраа, эко зэрэг бусад автобусны насжилт харьцангуй гайгүй 6-9 жилийн насжилт үлдсэн байна. Парк шинэчлэлтийн хүрээнд бид саналаа тавина. Нийслэлээс үүнийг цогц бодлогоор шийдэх ёстой.

 

-Парк шинэчлэлтийн хүрээнд  ямар санал тавьсан бэ?

 

-Хоёр гурван удаа санал тавьсан. ОХУ-ын дэд бүтэц хөгжлийн яаманд  цахилгаан тээврийн хэрэгслийг шугамын үйлчилгээнд гаргаж, нийтийн тээврийг цахилгаан шугам сүлжээгээр шийдэх асуудлыг тавьсан. Цахилгаан шугам сүлжээг дагаад цахилгаан түгээх шиг байгууллага ажилладаг. Ил харахад цахилгаанаар яваад байгаа боловч цаана нь эрчим хүчний салбар давхар ажиллаж байдаг. Энэ бүхэнд парк шинэчлэлт хийх хэрэгтэй байна.

 

-Зургаан жилийн дараа ашиглалтаас гарах гэж байгаа хичнээн автобус байгаа вэ?

 

-250 автобус байна.

 

-Эдгээр нь өмнө нь хэдэн жил үйлчилгээнд явсан бэ?

 

-Цоо шинээрээ ирсэн. БНСУ-аас Засгийн газрын шугамаар 2009 онд манай улсад орж ирсэн. Тухайн үед нийтийн тээврийн салбар уначихсан байсан. учраас оруулж ирсэн 400 автобус нэлээн том сэргэлт болж өгсөн.

 

-Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өмнө нь ашиглаж байсан автобус оруулж ирдэг гэсэн үг үү?

 

-Хувийнхан ч зардлын санхүүжилт гэх нэг цагийн тарифаар тооцож ажил явагддаг учраас боломж, бололцоогоороо автобус худалдаж авч байна. Үүнд нийслэлийн бодлого хэрэгтэй байна. Парк шинэчлэлт, зээлийн нөхцлийг аж ахуй нэгжүүдэд хэрхэн хүргэх үү, 500 төгрөгөөр тарифыг нь хязгаарлах уу зэрэг асуудлыг орхиод зөвхөн өнөөдрийн үйл ажиллагааных нь зардлыг л өгчихөөд л бусад асуудлыг шийдэж өгөхгүй байна шүү дээ. Парк шинэчлэлт хийх хөрөнгө төвлөрөхгүй байна.

 

ЗЦА-аас өнгөрсөн онд нийтийн тээврийн автобус нийтдээ 98 цагийн зогсолт хийсэн гэх мэдээг өгсөн. Ингэж олон цаг зогсолт хийх шалтгаан нь юу вэ?

 

-Их, багийг би мэдэхгүй. Зогсолт хийх үе гарна. Энэ нь нөгөө л автобусны элэгдэл хуучралттай холбоотой. Засвар үйлчилгээний чанартай холбоотойгоор ч зогсолт хийх үе байна. Энэ бүгдийг зөв төлөвлөж, эвдрэхээс нь өмнө засварт оруулах нь л бидний үүрэг.

 

-Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байдаг. Энэ нийтийн тээврийн насжилттай эсвэл үйлчилгээтэй холбоотой болов уу?

 

-Зорчигч тээврийн нэгтгэл гэдэг нийтийн тээврийн үйлчилгээг гэрээний дагуу нийслэлийн иргэдэд үзүүлдэг байгууллага. Нийтдээ хувийн 21 аж ахуй нэгж байна.  Өдөртөө 1000 орчим автобус үйлчилгээнд явж байгаа бол манайх түүний 300 орчмыг явуулж байна. Манайх  хоёр ээлжийн жолоочтой, иргэдийг ая тухтай аюулгүй зорчуулах зэрэг нөхцлийг хангаж ажилладаг. Бидний гомдолтой байдаг зүйл нь нэг автобус зогсолт хийхэд л нийтийн тээврийнхэн гэж бүхэлд нь буруутгадаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дарга нарыг нь автобусных нь ард тэргэнд холлоод 1 цаг явуулах юм сан.
2018-04-09