Д.Цогтбаатар: Бизнесийн салбарынхан чухал гэрээ хэлэлцээр хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд Монгол-Хятадын Засгийн газар хооронд 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодруулаа.

-Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг хэрхэн шийдэхээр болов?
Айлчлалын үеэр яригдсан чухал асуудлуудын нэг бол Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж. Сая санамж бичиг байгууллаа. Хэлэлцээрийн үеэр Хятадын талаас бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай санхүүжилтийг Хятадын талаас бүрэн гаргана гэсэн үг. Цаашид түргэн хэрэгжүүлж, ажил болгох л манай асуудал үлдлээ.
-Гашуунсухайтын асуудал яригдсан уу?
-Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудал яригдсан. Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа саад тотгоргүй явах ёстой. Тэгж байж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлнэ. Тиймээс сая хоёр талаас захиргааны шинж чанартай саад тотгорыг зохицуулах асуудлыг ярилцлаа.
-Монгол-Хятадын бизнес уулзалт төлөвлөгдсөн байгаа. Энэ уулзалт ямар гарцыг нээх бол?
-Айлчлалын хүрээнд гарын үсэг зурагдсан баримт бичгүүд манай улсын эдийн засагт чухал тус нэмэр үзүүлнэ. Лхагва гаригт бизнесийнхэн уулзалт хийнэ. Тэр үеэр хувийн салбарынхан нэлээн том гэрээ хэлэлцээрийг хоорондоо хийнэ. Үүнийг би гол амжилт гэж үзэж байгаа. Төрийн гол ажил бол бизнесийнхний үйл ажиллагааг дэмжих. Тэд илүү ажлын байрыг бий болгож, татварын бааз суурийг өргөтгөж байдаг учраас бизнесийн салбараа түлхүү явуулах бодолтой байна. Бизнес уулзалтад зөвхөн Монголоос 300 гаруй төлөөлөл ирж байгаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ