С.Чинзориг: Тэтгэвэр банкны барьцаа биш

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Энэ хуулийг би 2016 онд Засгийн газар байгуулагдахад ажлын хэсгийг ахалж ажилласан. Үүнээс хойш шинэ нөхцөл байдал бий болсон. Гурван талт үндэсний зөвлөл гэрээ хэлэлцээ байгуулсан. Шүүх дээр маргаан ихээр бий болох болсон. Ямар шинэ зүйл заалт оруулсан бэ?
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Хөдөлмөрийн тухай хууль 1994 онд батлагдсанаасаа хойш 24 удаа өөрчлөлт оруулсан. Энэ нь аль нэг сайд,Засгийн үед өөрчлөгдөх асуудал биш. Хамтарсан Засгийн газрын үед энэ хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газар огцорсноос энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг унасан. Намайг сайдаар томилогдсоноос хойш 10 гаруй саналыг үйлдвэрчний эвлэлийн өгсөн байлаа. Ер нь энэ хуулийн төсөлд Үйлдвэрчний эвлэлийн өгсөн саналын 80 хувь нь орсон гэж ажлын хэсэг үзэж байгаа.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
-Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл 9 жил ажлын хэсгийн хүрээнд явагдсан. МҮЭХ-ноос энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Зарим асуудалдсаналын зөрүүтэй байгааг С.Чинзориг сайд хэллээ. Үндэсний хороогоор ямар ямар асуудалд өөрчлөлт орсныг ярина. Хөдөлмөрийн сонирхлын маргаан, хамтын гэрээ байгуулах дээр ажлын хэсэг нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа.
Хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Дараагаар нь хуралдаанаар 2017 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2017 онд нийт 11 удаа хуралдаж, 25 тогтоол шийдвэрийг баталж, дүрэм журам, заавар боловсруулсан. Тайлангийн хугацаанд нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэвэр авагчдын бодит орлогыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоо нэг жилийн хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 12 хувийн хүүтэй болгосон. Цаашдаа бид хоёр жилийн хугацаатай тэтгэврийн жилийн 18 хувийн хүүтэй байгаа зээлийн хүүг бууруулах зорилгоор ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн зарлагыг 14 тэрбум төгрөгөөр хэмнэлээ. Сувилалд үйлчлүүлэх иргэдийн тоог нэмлээ. Хадгаламжийн хүүг нэмэгдүүлэн сангийн орлогыг нэмэгдүүлсэн. 40-өөс дээш насны даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллаж байна. Нийгмийн даатгалын байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Цаашид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн шинэчлэл хийхээр ажиллаж байна гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Нийгмийн даатгалын зөвлөл цаашид ямар ажил хэрэгжүүлэх, тэтгэврийн зээлийг бууруулахад хэр анхаарч байгаа, зөвлөлийн хяналт ямар байгаа зэргийг асуусан юм. Гишүүдийн асуултад салбарын сайд хариулсан юм. Тэрбээр:
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ажлаа авсны дараагаар хуралдсан. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа зээлийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар арилжааны банкуудтай ажиллаж байна. Эдийн засгийн агуулгаараа тэтгэвэр банкны барьцаа биш. Зарим орнуудад тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглодог. Цаашдаа тэтгэвэр барьцаалсан зээлд үүсээд байгаа асуудлыг зохицуулах хэрэгтэй. Төрийн банк, Хаан банкаар нийт тэтгэвэр авагчдын 92 хувь нь үйлчлүүлж байгаа нь үнэн. Тиймээс энэ хоёр банктай ярилцаад, Монгол банкинд санал хүргүүлсэн хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ