Хууль, шүүхийг уландаа гишгэсэн хүний НЭР байтугай ГАР нь ч ЦЭВЭР байдаггүй юм

Хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн итгэлийг авч сонгогдсон эрхэм төрийн түшээд өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ уландаа гишгэдэг цөвүүн цаг иржээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга болчихоод байна. Хээгүй, гүндүүгүй гэж монголчууд түүнийг өөхшүүлсээр байгаад төрийн тэргүүнээрээ хүртэл сонгонгоо алдсан нь эрхэм аваргыг бүрэн эвдэж чадсан бололтой. Тэр үнэхээр эвдэрхий хүн болчихсон бололтой.
Будаач будаач гэхээр сахалаа будна гэгчээр аварга Монголын хууль шүүхийн байгууллагыг төрийн хуультай нь хамт 10 гаруй жил уландаа гишгэлж, бүх шатны хүчин төгөлдөр 7 шүүхийн тогтоолыг уландаа гишгэгч Р.Нямдоржтой нийлж төр түмнээ доромжилж суугаа нь юутай гаслантай, юутай өрөвдөлтэй. Спортод ч тэр, улс төрд ч хүрч болох бараг бүх оргилд нь хүрч байгаа хэрнээ энэ хүн юуны тулд ийнхүү нэг төрийн бус байгууллагын төлөө ингэж өргөсөн тангаргаа умартаж, улсын хуулиа уландаа гишгэж сууна вэ. Өнгөрсөн хугацаанд МҮБХ-той хамтраад хууль бус үйл ажиллагаа олныг хийсэн нь илрэх гээд ийнхүү хууль зөрчөөд ч хамаагүй өөрөө тийшээ явахаар шийдэв үү. Бөхчүүдийн дунд допингийн шинжилгээтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ таны нэр муургаар их л хэлэгддэг юм билээ. Эсвэл дараагийн сонгуульд шаансгүйгээ мэдээд шинэхэн хэрнээ, амттай үүрээ хайх болов уу. Ямартаа ч хайртай аварга маань, итгэж саналаа өгсөн төрийн түшээ маань хуулиа зөрчөөд эхэлчихлээ.
Хэдхэн хоногийн өмнө нь Р.Нямдорж тэргүүтэй нөхдөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж ямар нэгэн хурал зохион байгуулж, тогтоол шийдвэр гаргахгүй байхыг сануулсан. Сануулсаар байхад Р.Нямдоржийн хуурамч тамга, тэмдгийг ашиглаад өөрийгөө өргөмжлүүлээд ард түмэн, бөхчүүд, бөхөд хайртай сонирхогчдоо ч хуураад яваад байгаа нь ариун явдал мөн үү. Р.Нямдорж энэ явуургүй муйхар, муухай аргаа 10 гаруй жил ашиглалаа. Хууль бус хурал албаар зохион байгуулна. Үүнийгээ хүчингүй болгуулах хүртэл гурван шатны шүүхээр багадаа 8 жил явуулдаг муу зуршилтай нэгэн.
Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг мэдсээр байж санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй энэ хэрэгт орооцолдсон нь энэ хэргийг улам хүндрүүлж, бөхчүүд болон бөх сонирхогчдынхоо итгэлийг улам хөсөрдүүлж байна. Ер нь МАН-ынхан энэ хууль зөрчигчдөө хатуу хариуцлага тооцож, ёс зүйн хороогоороо уг асуудлыг хэлэлцэх ёстой. Хэрэв өргөсөн тангарагтай хууль тогтоогчид нь ийм байдлаар хуулиа зөрчөөд байвал хэн энэ улсад хууль биелүүлэх юм бэ. Тамга тэмдгийг нь хүчингүй болгосон шийдвэрийг нь үзээгүй бол одоо үз. Р.Нямдоржийн ялагдсан шүүхийн шийдвэрүүдийг ч гэсэн олж аваад нэг хараарай аваргаа.
Ядаж нэр төрөө бод, бөхөд хайртай түмнээ бод, нутаг усаа бод, өргөсөн тангаргаа бод, бөхчүүдээ бас бодоод энэ хууль бус бусармаг зүйлээс эртхэн нэрээ татаж ав. Хэрэв тэгж чадахгүй бол таны нөгөө цэвэр нэр тань гутаагдаж, цэвэр гар чинь бохиртож гүйцэх нь байна шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ