Л.Данзанноров: Шинэ цагийн улс төрийн хоригдлуудыг бий болгох ажиллагаа эхэллээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн талаар Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Харамсалтай нь, шийдвэр хуулийн дагуу гарсангүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа маш олон хуулийн заалтыг зөрчсөн. Энэ асуудлаар бид дараа дараагийн шүүхэд гомдол гаргана. Цаашдаа энэ алдаа засагдах байх.
2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгээс гэрчийн мэдүүлэг авна гэж АТГ-аас дуудсан. Ч.Сайханбилэг гэрчээр байцаагдах мэдүүлэг хүлээж аваад АТГ-т дуудсан цагт нь очсон. Түүнийг гэрчээр гурван цаг гаруй байцаагаад, дараа нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан.
Засгийн газрын тухай хууль болоод Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Ч.Сайханбилэгийн төрийн тусгай хамгаалалт нь буугаагүй. Дөрвөн жил хадгалагдах ёстой. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг саатуулах, баривчлах асуудал бол зөвхөн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэнэ. Энэ хуулийг үл хэрэгсэж, зөрчөөд шууд баривчилсан. Энэ хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд төрийн тусгай албан хаагчийг хамтад нь хорьсон. Одоо ч хоригдож байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр Ч.Сайханбилэг шалгагдаж буй асуудлынхаа талаар маш тодорхой байр суурьтай байгааг хэлэв. Ч.Сайханбилэг “Өмнөх Засгийн газрын кабинетаараа шийдсэн шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, зохиомол шалтгаанаар хилсээр гүтгэдэг асуудалдаа хууль хяналтын байгууллагыг татан оролцуулдаг байдал хавтгайрлаа. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай болсныг илэрхийлж, буруутгаж буй бүх асуудлыг эрс няцааж байгаа”-г өмгөөлөгч нь уламжлав. "Монгол Улсын шинэ цагийн түүхэнд улс төрийн хоригдлуудыг шинээр бий болгож байгаа зүй бус ажиллагаа эхэллээ" гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ