Нисэхийн замд осол гарч хоёр хүн нас баржээ
2018-04-12

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн замд энэ сарын 10-нд зам тээврийн осол гарч, ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ.

 

Ослын дуудлага тухайн өдрийн 13:54 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажилласан байна. “Зорчигч” тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын автобус болон  суудлын автомашинууд мөргөлдөж, 41 настай эрэгтэй Б, 58 настай эмэгтэй А нарын хоёр хүн амь насаа алджээ.

 

Дэлхий дахинд, ойролцоогоор 1.25 сая хүн зам тээврийн ослын улмаас жил бүр нас бардаг байна.

 

Манай улсын хувьд хурд хэтрүүлэх нь зам тээврийн осол гарах тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байна. Зам тээврийн осол хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбээр гарсан зам тээврийн осол 89 хувийг, онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осол таван хувийг тус тус эзэлж байгаа нь хурдтай шууд холбоотой юм.

 

Аюултай нөхцөлд жолооч нэн даруй хурдаа хасах буюу аль болох бага хурдыг сонгох нь зүйтэй. Хурдыг шаардлагатай хэмжээнд хүртэл хасахгүй байх эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэх үед автомашин шарвах буюу онхолдох явдал их тохиолддог.  Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, замын гадаргууны байдал, тээж яваа ачаа зэрэгт тохируулан хурдыг зөв сонгож зорчихыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин