Зохисгүй хооллолтын ЗОЛИОС
2018-04-18

Хууль төрөхийн өмнө 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хавар цаг хэн хүнгүй  ядаргаанд орж, тамир тэнхээ, хүчээ сэлбэхээр зохих витамин, зөв хоололтыг чухалчилдаг. Гэвч зөвхөн хавар гэлтгүй жилийн дөрвөн улиралд, зарим хүмүүсийн өдөр тутмын хэрэглээндээ ч  хоол хүнсэндаа уурагшуулсан,  органик бүтээгдэхүүнийг сонгож байхад зарим хэсгийн хэрэглэж байгаа хоол хүнс биед нь хор болох тохиолдолд ч байна. Ер нь органик, эрүүл хүнс хэрэглэ гэх эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг үл тооморлох хэсэг ч бий. Магадгүй, зарим нь амьдралын шаардлагаар  тэр бүр биедээ шаардлагатай хүнс, тэжээлийг авч хэрэглэж чаддаггүй байх.

 

Эрүүл мэндийн яамнаас гаргасан хоёр жилийн өмнө явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй гэсэн сэтгэл эмзэглүүлсэн дүн гарчээ.

 

Эрүүл, зөв хоололтыг хэвшүүлэх, зохисгүй хэрэглээнээс татгалзах талаар салбарын мэргэжилтнүүдээс эхлээд анхааруулдаг.  Айл өрх, эцэг эхчүүд ч эрүүл хүнсний эрхэмлэдэг болсон. Гэхдээ л энэ нь нийтийг хамарч чадахгүй байгааг дээрх судалгаагаар гашуун боловч өнөөгийн үнэн дүр төрхийг харуулж байна. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжлийн үндэс төдийгүй нийгмийн тогтвортой байдал,эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааболдог учир төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болдог.

 

Манай улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, витамины хэрэглээ хоногийн тундаа  хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, витамин В1-70,8 хувь, В2-77,6 хувь, B6-59,5 хувь, С-30.8 хувь, А-93,5 хувь, кальци-69хувийн хэрэглээтэй байгаа аж. . Хүн амын эрдэс, витамины дутагдлын судалгааг түүвэрлэн авч үзвэл 7,4 хувь иодын, 28,5% хувь гемоглобины, 21,4 хувь төмрийн, 32,4 хувь витамин А-ийн, 42,4 хувь  витамин Д-ийн дутагдалтай болохыг тогтоосон байна.

 

Ер нь манай улс жилдээ нэг их наяд төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авдаг байна. Энэ нь нийт хүнсний хэрэглээний 60 хувь. Хүнсний хэрэглээний 60 хувийг импортоос хангадаг  байхад хүн амын зохистой хоололтын талаар яриад ч хэрэггүй асуудал гэж бодохоор. Гэхдээ сүүлийн жилүүдэд Засгийн газраас хүнсний хангамж, хүрэлцээний асуудлыг шийдвэрлэхээр “Атрын гуравдугаар аян”, “Ногоон хувьсгал” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Төрөөс хүнсний бодлогынхоо  дараагийн шат нь хүн амд хэрэгцээтэй амин дэм, эрдсийг түгээмэл хэрэглэдэг хүнсийг нь баяжуулах замаар хүргэх асуудал хурцаар тавигдаж байна.  

 

Тиймээс УИХ хаврын чуулганаараа Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.  Энэ нь нийт ард иргэдийг аюулгүй, эрүүл, физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц шимт, тэжээллэг хүнсээр хангах зорилготой.

 

Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм билээ. ДЭМБ-аас  дэлхий дахинаа өлсгөлөн, хүнсний шим, тэжээлийн дутагдлыг бууруулах дөрвөн том хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь “Хүнсийг баяжуулах” хөтөлбөр юм.Манай улсын хувьд дэлхийн 85 орны жишгээр хүнсээ баяжуулах, түүнд шаардлагатай  хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага гарч ирсэн гэж хууль санаачлагачид тайлбарлаж байна лээ.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж.

 

Энэ хуулиар баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсний үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих үйлдвэрлэгчийн, хөндлөнгийн, мэргэжлийн болон төрийн хяналттай холбоотой харилцааг зохицуулах талаар тусгажээ.  Энэ хуулийн төслөөр Засгийн газраас баяжуулахаар оруулж ирэх бүтээгдэхүүний нэр төрлийг батлах гэнэ. Хэрвээ энэ хууль батлагдвал бие организмд дутагдаад байгаа дархлаажуулалтаа хоол, хүнсээрээ дамжуулах нөхөн авч, амин дэмгүй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзсанаар бие организм ч эрүүлжих нь дамжиггүй.

 

Тэгээд ч зохисгүй хоололтоор эрүүл мэндээ золиослоод байж болохгүй, төрийн бодлого шаардлагатайг дээрх судалгаа харуулж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин