“Дэд бүтцийн төв” байгуулах ажлын явцтай танилцлаа
2018-04-19

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт явцтай танилцсан юм. Тэр дундаа нэгдсэн дэд бүтэц бүхий “Сервис центр” барих ажлын төлөвлөлт, байршилтай танилцаж иргэдтэй уулзлаа.

 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл бол сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах аж.

 

Хотын дарга С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ “Гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн нэг системд оруулан “Сервис центр” барих ажил эхлүүлсэн нь хувьсгалын шинж чанартай том ажил гэж үзэж байна. 200-400 өрх сайн дураар нэгдэж дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг нийслэлээс олгож байгаа. Эхний ээлжинд 4 байршилд “Сервис центр” байгуулна. 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгийн амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ. Ингэхдээ иргэд, айл өрх нэг стандартын байшинтай болох хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийн санал санаачилга, идэвх зүтгэл энэ ажилд ихээхэн тус болох юм” гэлээ.

 

 

“Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг энэ онд баталсан. Цаашдаа 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээнэ. Төсөлд хамрагдсан айл өрхүүдийн нийгмийн, дэд бүтцийн асуудал шийдэгдэж ногоон байгууламж, орчны тохижилт бий болсноор иргэдийн амьдрах орчин сайжирна. Дэд бүтцийн төвийг түшиглэн 6800 орчим ажлын байр шинээр бий болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

​​​​​​

 

Shuud.mn
Сонин хачин