ОХУ, Трамп болон “Wikileaks” сайтыг шүүхэд өгчээ

АНУ-ын сөрөг хүчин Ардчилсан нам өнгөрсөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн хэмээн ОХУ, Ерөнхийлөгч Дональд Трамп болон Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайтыг шүүхэд өгсөн тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Том Перез “ОХУ-ын Засгийн газар санаатайгаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хөндлөнгөөс оролцож, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. ОХУ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын багийнханд туслалцаа үзүүлж байсан” гэж хэлжээ.
Сөрөг хүчнийхэн АНУ-ын Манхэттен дахь Холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Wikileaks” сайтыг шүүхэд өгсөн шалтгаанаа тус намынхан “ОХУ, Трампт зориулан мэдээлэл хакердаж, тэдэнд шаардлагатай мэдээллээр хангасан” хэмээв.
Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор Цагаан ордон албан ёсны тайлбар хийгээгүй байна.
ОХУ-ын Засгийн газрын зааварчилгаагаар тусгай бэлтгэгдсэн хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж улмаар тэрбумтан Дональд Трампыг хууль бусаар Цагаан ордны тэргүүн болгосон хэмээн сөрөг хүчин буруутгаж буй юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээрх мэдэгдлийг эрс няцааж, Трамптай ямар ч хамааралгүй гэдгээ олонтоо учирласан.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ