Амиа золиослогч этгээд 57 хүний аминд хүрчээ

Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Террористууд Кабул хотын Дашт-е-Барчи дүүрэгт байрлах сонгогчдын бүртгэх хорооны ойролцоо амиа золиослогч этгээд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн байна.
Энэхүү террорист халдлагын улмаас 57 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүлийг хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Вахид Мажрух яамны твиттер сүлжээгээр дамжуулан жиргэжээ.
Халдлагаар 22 эмэгтэй, таван хүүхэд амиа алдсан гэнэ.
Ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн долоо хоногт “Ирэх аравдугаар сард зохион байгуулагдах орон нутгийн сонгуульд оролцох иргэдийг бүртгэх ажил эхэлж байна. Та бүхэн гэрийнхээ ойролцоох сонгогчдыг бүртгэх төвд очиж, бүртгэлээ хийлгээрэй” хэмээн мэдэгджээ.
Сонгуульд алан хядах "Талибан" бүлэглэл оролцохыг завдсан ч эрх баригчид тэднийг бүртгэхээс татгалзсан учир террористуудын уурыг хүргэжээ.
Дээрх халдлагын хариуцлагыг ямар бүлэглэл хүлээгээгүй бөгөөд эрх баригчид “Талибанчууд халдлага үйлдэж, гэмгүй иргэдээс өшөөгөө авсан” хэмээв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ