“Алтай констракшн”-ы барилгын амь өрссөн талбар
2018-04-24

Сүүлийн өдрүүдэд барилгын кран унаж, хүн гэмтлээ, барилгын талбайд осол гарч хүн нас барлаа гэх сэрдхийм мэдээ хөвөрч, амьд явах баталгаа байхгүй гэдгийг улам бүр мэдрүүлэх боллоо. Барилгатай холбоотой олон ослын ард Алтай констракшн гэх нэр холбогдох нь энэ компанийн барилгад итгэж боломгүйг илтгэх мэт.

 

Алтай констракшн компани 2003 оноос барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэдэн хүний халуун амь энэ компанийн буруутай үйлдлээс болж эрсэдсэн бол?!

 

Долоон хоногийн хугацаанд хоёр хүн нас барж, нэг хүн гэмтэв

 

Хамгийн сүүлд буюу  /2018.04.22/ Алтай констракшны захиалгаар баригдаж буй “Саруул” хорооллын В7 блок барилгад ажиллаж байсан 40 настай иргэн Ч есөн давхраас шуудайтай хог буулгах явцдаа унаж, амиа алджээ.  Тухайн барилгын тагт баригдаж дуусаагүй, бэхжээгүйн улмаас, мөн технологийн алдаа гарсан байж болзошгүй гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Ерөнхийдөө тагтны хашлага цөмөрснөөс ийм осол гарч, эрдэнэт хүний амь эрсэджээ.  Тэгвэл энэ сарын 21-нд буюу бямба гарагийн 23.00 цагт Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах Алтай констракшны ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Саруул" хорооллын 112 дугаар байрны наймдугаар давхарт гал гарч, 27 настай эмэгтэй нас барсан. Галын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа.

 

 

 

Үүнээс зургаан өдрийн өмнө буюу энэ сарын 17-нд “Саруул” хорооллын B7 блок барилга дээрх өргөгч цамхагт кран унаж, нэг хүн гэмтэж, дөрвөн автомашин эвдэрсэн.  Тодруулбал 12 цутгамал төмөр бетон карказан хийцтэй, улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн 4 тонн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч  унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших “Баянмонгол” хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан 4 автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байгаа юм. Мөн кран ойролцоогоор 42 м-ээс унах үед  бүхээгт байсан 1 кранчин  эмнэлэгт хүргэгдсэн байна.  Тус кранист  Алтай констракшны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй  “Тольт дэнлүү” компаны ажилтан аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ердөө долоохон хоногийн хугацаанд Алтай констракшны “Саруул” хороололд хоёр хүн амь эрсдэж, нэг хүн гэмтсэн байна. Үүнээс л энэ компанийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох зайлшгүй шаардлагатайг харж болно. Эс үгүй бол цөөхөн Монголчуудын “цөм” хэсэг нь алтан амиа Алтай констракшнд өргөж дуусах нь.

 

Гурван хүний алтан амь “Алтай” барилгатай холбоотойгоор үрэгдлээ

 

Мөн өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард Алтай констракшн ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Саруул” хорооллын В4 блокийн нэгдүгээр орцонд ажиллаж байсан 36 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, тус оны хоёрдугаар сарын 8-ны 13:50 цагийн үед тус барилгын лифтний хонгилд өргүүр ажиллуулж дээшээ есөн давхар руу тоосго зөөж байгаад өргүүрийн ган татлага /тросс/ тасарч, есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ажилтан Б нь осолдож түргэн тусламж ирэх хугацаанд нас барсан. Энэ дүгнэлтийг НМХГ-аас гаргаж, Алтай констракшныг Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, захиалагч болоод гүйцэтгэгчийн талаас хяналт муугаас болж осол гарсан гэж дүгнэсэн. Амиа алдсан залуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханаагүй, хамгаалалтын малгай өмсөөгүй ажиллаж байх явцдаа ийнхүү гэмтэж, амь насаа алдсан. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтанг ажиллуулсан, өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадлагаа, бичиг баримт, лифтний хонгилд байрлуулсан өргүүрийн угсралтын зураг, ашиглалтын паспорт, холбогдох бичиг баримтууд байгаагүй зэрэг зөрчлийг арилгах хүртэл  үйл ажиллагааг нь түр зогсоосон.

 

Гэсэн ч Алтай констракшны барилгын ажил өнөөдөр ч үргэлжилсээр болж, бүтэхгүйн гомдол, унасан, эвдэрсэн, гэмтсэн бэртсэн асуудал гарсаар л байна. Олон хавар нэгэндээ гэдгийг олон нийт хангалттай харж, гурван хүний алтан амь “Алтай” гэдэг барилгатай холбоотойгоор үрэгдлээ. Хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байгууллага хүч хүрдэггүй юм бол Барилга хот байгуулалтын яам Алтай констракшны аюулгүй ажиллагаа, барилгын чанар зэрэгт анхаарах хэрэгтэй байна.

 

Зөвхөн хүний амь эрсдээд зогсохгүй Алтай констракшны оршин суугчид өчнөөн гомдол хэлдэг. Олон айлын байрны бичиг баримтыг гараагүй гэж хэлэн банкны барьцаанд тавьж зээл авсан гэх. Барьсан барилга нь чанар муутай өвөлдөө цана татаж хөлдөөх шахдаг бол зундаа борооны дусаал гоожоотой. Баригдаж байгаа барилгаасаа хогоо доош нь шууд шидчихдэг, ил задгай хогоо хаядаг. Орц нь гэрэлгүй, лифт нь ажиллахгүй зэрэг гомдлыг оршин суугчид хэлж байна.

 

Энэ мэт олон асуудлаа шийдэж өгөөч ээ Х.Бат-Эрдэнэ захирал аа???

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тагт нь тийм муу гэсэн үгүү энэ одоо юу гэсэн үг вэ тагтан дээрээ зогсож байгаад даахгүй доошоо нисчих юм биш биздээ амьд явах баталгаа алгаа гэж ойлгож болохуу, бетон арматур нтр нь зураг төсөлийн дагуул хийгддэг байлгүй дээ ийм найдваргүй барилга бариад байгаа бол яаж ард иргэд худалдаж авах вэ дээ, Алтай Конс-хан сүүлийн үед оршуулгын газар байгуулаад байгаа юмаа даа маш харамсалтай
2018-04-24
За бас арай ч ийм муу байр биш ээ. Хэтрүүлж, унасан дээр нь өшиглөнө гэдэг болгож байна.
2018-04-24