УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв
2018-04-24

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хуралдав.  Хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий прокурор гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлж, Д.Гантулга ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг гаргаад байгаа. Гэвч асуудлыг хэлэлцэх үед холбогдох заалтыг ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9 дэх заалтыг хүчингүй болгосон байлаа.  Түдгэлзүүлэх, түдгэлзэх заалт хүчингүй болсонтой холбоотой УИХ асуудлыг хэлэлцэх хууль эрхзүйн үндэслэлгүй хэмэн үзсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дээрх хуулийн заалтыг сэргээх төсөл өргөн барьжээ.

 

 Уг хуулийн төсөлд 2006 онд батлагдсан УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг оруулж ирж байгаа аж. Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргах”-аар тусгажээ. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч онцолж байгаа юм. Төслийг ердийн журмаар мөрдөх юм байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Энэ асуудал нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Хугацаа нэлээн явлаа. Энэ хуулийг хурдан баталж, дараагийн асуудалдаа шилжүүлье. Тийм учраас анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаж байна гэлээ.  Үүнд хурал даргалагч Д.Хаянхярваа:

 

-Зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тохиолдолд анхны хэлэлцүүлгээр нь баталдаг. Гэтэл зарчмын зөрүүтэй хоёр ч санал гарсан учир анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй гэлээ.

 

Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар боллоо.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин