Х.Нямбаатар: Эрх мэдлээ хуваах зүйл дээр хойрго хандаад байна
2018-04-27

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслөөр сумын Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирлуудыг томилох” заалтыг тусгаж байгаа юм. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар сум, дүүргийн сургууль , цэцэрлэгийн захирлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар томилж байгаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

Сумын дарга байж өөрийн харъяа цэцэрлэг, сургуулийн захирлыг томилж чадахгүй бол хэн захирагдах вэ. Сум, дүүргийн Засаг дарга цэцэрлэг, сургуулийн захирлыг томилохыг дэмжиж байна. Учир нь аймаг, нийслэлийн Засаг дарга нар томилж байгаагаас аяны шувууд шиг хүмүүс их ирж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Сумын Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирлыг томилох нь боловсролын чанарыг сайжруулна. Суманд ямар ч эрх мэдэл байхгүй. Дээрээс томилдог нэг сул тал нь нутгийн боловсон хүчний бодлого алдагддаг. Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн сонгон шалгаруулалтын саналыг үндэслэж гэжээ. Төрийн албаны сонгон шалгаруулалтыг үндэслэж гэвэл болох байх. Улс төрөөс яаж хамаарал багатай томилгоо болгох вэ гэж харж байна. Мөн шаардлагыг нь тодорхой тусгах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Бүх намууд улс төрийн сонгуульд оролцохдоо төвлөрлийг сааруулна, орон нутагт эрх мэдлийг нэмнэ гэдэг. Харамсалтай нь орон нутгийн бие даасан байдал алдагдсаар ирсэн. ЕБС-ийн захирал багшаа томилох эрхийг Нийслэлийн боловсролын газар, сургуулийн цайны газрыг Нийслэлийн өмчийн газар шийдвэрлэдэг болсон. 2013 оноос хойш өөрчлөгдсөн энэ системийг хуучин, мерит тогтолцоогоор явуулах хэрэгтэй.  Таны саналыг ажлын хэсэгт хүлээн авч, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар явуулъя. Мөн мэргэжил, ур чадварыг харгалзах хэрэгтэй. Хөндлөнгийн томилгоо явагдахад хамт олон хүлээн зөвшөөрдөггүй.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Аймгийн Засаг дарга томилохоор муу, сумын Засаг дарга томилохоор сайн болчихдог зүйл гэж байхгүй. Сумын Засаг дарга сургуулийн захирлыг томилохоор тэтгэвэртээ гартлаа сууж, хүүхдээ сургууль төгсөөд ирэхээр ажлаа хүлээлгэж өгнө гэж суудаг хүмүүс ч байна. Энэ хуулийн төслийг Засгийн газар нь дэмжихгүй гэж байхад Засгийн газрын гишүүн нь саначилсан байна. Кабинетийн зарчим хаачсан бэ. Боловсролыг чанартай, хүртээмжтэй байхыг иргэд хүсч  байна. Хамт олноор нь дэмжүүлж томилъё л доо.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Орон нутгийн захиргааны байгууллагад явуулахын тулд боловсролын байгууллагатай уялдуулдаг. Төрийн томилгоог хамт олноор, сошиалаар томилж болохгүй. Хамт олны саналыг үндэслэнэ гэж байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

 

-Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд хүний сурч, боловсрох эрхийг орон нутагт нь өгсөн. Хуулиар төсвийн гэрээг сум, дүүргийн удирлага хүлээдэг, гардан хийдэг. Эрх үүргийн нэгдлийг нэг талд нь төвлөрүүлэх гэсэн санаа.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Би энэ ажлыг аваад таван сар болж байна. Байдал хүнд байгаа. Боловсролын хуулийн багц хуулийн төслийг оруулж ирэх гэж байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн асуудал дээр маргаантай байгаа. Энэ асуудал дээр  эрхзүйн зохицуулалт хийж байж өөрчлөлт гарна. Цаг хугацааны хувьд гольдролд нь оруулж , мэргэжлийн удирдлагаар хангах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Боловсролын багц хууль их хурлын босго давж батлагдана гэдэгт итгэл  муутай байна. Учир нь энэ салбарын сайд хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилладаг. Ирээд Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь өөрчилдөг. Тэгээд шинэ хууль, төсөл оруулж ирдэг. Чингэлтэй, Хан-Уул дүүрэг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаа тогтвортой ажиллуулж ирсэн. Та өөрөө дүүргийн Засаг дарга байсан хүн. Эрх мэдлээ хуваах зүйл дээр хойрго хандаад байна, сэтгэлгээгээ өөрчлөөч гэж хэлэх гэсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин