Хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө”-ийг олгох Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2018-04-27

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох Ерөнхийлөгчийн санаалчилсан төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төслийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа.  Дараагаар нь гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Би хүүхдийн мөнгийг 100 хувь олгохтой санал нэг байгаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гаргасныхаа төлөө огцрох нэг үндэслэл болсон. ОУВС-тай тохирсон асуудал байгаа. Гэхдээ боломж байгаа. Сангийн сайд ажлаа хийж чадахгүй байгаа гэж бодож байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон асуудал шүү дээ. Төсвийн байнгын хорооны даргаас үүнийг асууя. Төрийн бодлогын залгамж халаа байх ёстой.

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

 

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа. Боломж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Ерөнхийлөгчийн  өргөн барьсан төслийг байнгын хороон дээр унагаадаг нь буруу. Хүүхдийн мөнгийг улстөргүйгээр нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Төсвийн тодотголыг нэн яаралтай оруулж ирэх шаардлагатай.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Хүүхдийн мөнгийг өмнөх дөрвөн жилийн Засгийн газрууд 100 хувь олгож ирсэн. Бүх бүтээгдэхүүний үнэ шалан дээр унасан байсан, зэс үнийн үнэ доошоо орсон үед хүүхдийн мөнгийг таслаагүй байна. Хүүхдийн мөнгийг 80 хувь болгож байгаа саналыг дэмжиж байгаа. 80 хувьд болгож  байгаа бол яагаад 100 хувь болгож болохгүй гэж. 17 тэрбум төгрөгийн асуудал байгаа. МАН-ын амлалтыг сануулж байна. Техникийн хувьд Төсвийн тодотгол зайлшгүй хийх ёстой. Өнөөдөр хүүхдийн мөнгийг 144 тэрбум төгрөгөөр баталж байсан 2013 онтой харьцуулахад нүүрсний үнэ 7 дахин өссөн байна. Манай гадаад эдийн засаг сайжирсан байна.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

 

-Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтад ороогүй байсан бол хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх нь тодорхой. Өнөөдөр 22 их наядын төгрөгийн өр төлж байгаа. Эдийн засаг сэргэж байгаа ч өрийн дарамтнаасаа гараагүй байна. Бид зорилтот бүлэгтээ 100 хувь  өгч байгаа гэж болно. 76 гишүүн хүүхдүүддээ  мөнгө авах гээд байгаа юм биш биз дээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

 

-Төрөөс хүүхдийн талаар авч явуулж байгаа бодлогын цөмийг тодорхойлж байгаа. Хамгийн гол нь энэ мөнгө маань хүүхдийн амьдралд хэрэг болж байна уу гэдгийг харах нь зөв. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маш олон байгууллага байгаа. Тэр үйл ажиллагаа нь хүүхдэдээ хүрч чадаж байна уу. Хүүхдийн мөнгөөр архи дарс, хэрэглэдэг, эргээд хүүхдэд хүчирхийлэл үүсдэг тал байхыг үгүйсгэхгүй. Үүнийг анхаарч ажиллах хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавьсаны дараагаар санал хураалт явууллаа. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 19.6 хувийн саналаар уг санал дэмжигдсэнгүй. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүэлгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин