Алба хаагчдыг шагнаж, урамшууллаа
2018-05-03

 

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар байгалийн аюулт үзэгдэл, осол болон малын гоц халдварт өвчний голомтод шуурхай, хариуцлагатай ажилласан 100 гаруй алба хаагчийг шагналаа. Энэ өвөл тус аймагт өвөлжилт хүндэрч олон малчин өрх цасанд боогдсон бол өнгөрсөн хоёрдугаар сард малын гоц халдварт шүлхий өвчин гарч, Жаргалант суманд 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан юм. 

 

 

Мөн цаг агаар дулаарах үед 80 гаруй айл хур цасны үерт автах эрсдэл үүсч Онцгой байдал, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн алба хаагчид, Баян-Өндөр сум, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн арав гаруй байгууллагын мэргэжилтнүүд шуурхай ажилласан юм.

 

Үүний үр дүнд малын гоц халдварт өвчнийг тархаалгүй тогтоож, цасанд боогдсон малчдад яаралтай тусламж хүргэж, хур цасны үерт авсан айл өрхөд тусалж Орхон аймаг эрсдэлийг хохирол багатайгаар даван туулж чадсан. Иймд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал дээрх байгууллагын 100 гаруй мэргэжилтэн, алба хаагчдад баяр хүргэж “Орхон аймгийн Хүндэт тэмдэг”, “Засаг даргын жуух бичиг”-ээр шагналаа гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин