“Зууч зургаа”-гийн жагсаалтаас АНУ гарлаа
2018-05-09

АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гаргаж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт “Ираны цөмийн хөтөлбөрөөс гарах эсэхээ удахгүй мэдэгдэх болно” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан олон улсад мэдэгдсэн билээ.

 

Трампыг шийдвэрээ танилцуулахаас урьдаж, Ираны эрх баригчид Цагаан ордны тэргүүнийг “БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЭЛ” хийхгүй байхыг уриалсан юм.

 

Учир нь АНУ бие даан Ираны цөмийн хөтөлбөрөөс гаргах шийдвэр гаргавал Тегеран энэхүү гэрээг хүчингүй болсон хэмээн нийтэд зарлаж, улмаар царцаад буй цөмийн хөтөлбөрөө хэвийн үргэлжлүүлэхээ сануулсан.

 

Уг сүрдүүлгийг үл тоон Ерөнхийлөгч Трамп олон улсаас хараат бие даасан шийдвэрээ өчигдөр танилцууллаа.

 

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Энэ бол маш муу гэрээ. Бид гэрээ байгуулсан нэрийдлээр хэтэрхий их алдагдал хүлээж байна. Гэтэл хэргийн эзэн ИРАН зүгээр л ашиг хүртээд сууж байна” гэж мэдэгдээд “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд энэхүү гэрээнээс АНУ-ыг гаргаж, бие даасан болгох болно” хэмээсэн юм.

 

Тэгвэл Трамп өмнө нь амласан ёсоороо дэлхийн гол бодлого тодорхойлогч АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрөөс гаргах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Иран улс өнгөрсөн 2015 онд “зууч зургаа” буюу АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ болон Германы эрх баригчидтай амжилттай гэрээ байгуулж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан юм.

 

Трамп 2015 онд байгуулагдсан энэхүү гэрээг “Сул дорой, ялзарсан” хэмээн тодорхойлоод  Ираны эрх баригчдад хандан “Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ-ыг гаргаж байна. Хоосон сүрдүүлэг намайг айлгаж чадахгүй. Би амласан бүхнээ биелүүлэх болно” гэж мэдэгдлээ.

 

АНУ, Ираны цөмийн хөтөлбөрөөс гаргахаар болсон шалтгаанаа Ерөнхийлөгч Трамп  “Иран бол терроризмыг санхүүжүүлэгч улс. Иран улс цөмийн зэвсэг болон пуужин хөгжүүлэн Ойрхи Дорнодын хямралыг улам даамжруулж байна. Мөн “Хезболла”, “Хамас”, “Талибан”, “Аль Кайди” бүлэглэлүүдийг дэмжиж, алсаас санхүүжүүлж байгаа. АНУ-ын шийдвэр дан ганц өөрсдийгөө хамгаалах бус холбоотон орнуудаа хамгаалахад чиглэж байна. Үнэнийг хэлэхэд бодит амьдрал дээр энэ бүхэн эсрэгээрээ байна. Энэхүү хэлэлцээр ураны баяжуулалтаа үргэлжүүлэх боломжийг Иран улсад олгож байгаа. Хэтэрхий нэг талыг барьсан гэрээ. Өмнө нь хэзээ ч байгуулж байгаагүй муу гэрээ.  АНУ энэ муу гэрээнээс гарах, холбоогоо таслах учиртай. Тиймээс би энэхүү гэрээнээс АНУ-ыг гаргаж буйгаа олон улсад  илэрхийлье. Иран улсад дахин цөмийн хориг арга хэмжээ авах тухай санамж бичигт гарын үсэг удахгүй зурна” хэмээн тайлбарлажээ.

 

 

АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрөөс гаргасан учир тус улс дахин Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлнэ. “Ирантай холбоотой бүх улс АНУ-ын хоригт багтах болно” гэдгийг Трамп уламжлав.

 

Иран улс “АНУ гэрээнээс гарвал царцаад буй цөмийн хөтөлбөрөө сэргээх болно” гэдгээ өчигдөр Трампт хандан илэрхийлсэн. Энэ талаар Трамп “Хэрвээ Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлвэл хэзээ ч өмнө нь үзэж байгаагүй томоохон асуудалтай нүүр тулна” гэв.

 

Трампын санаачилсан Ираны эсрэг хориг арга хэмжээ 3-6 сарын дотор хэрэгжиж эхлэх гэнэ.  Мөн Иран улс 90 өдрийн дараагаас ам.доллароор гүйлгээ хийх эрхгүй болох бол 180 өдрийн дараагаас Ираны эдийн засаг болон газрын тосны салбарт хориг хэрэгжихээр болжээ.

 

Цагаан ордны тэргүүн мөн “Хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл Ойрхи Дорнодод цөмийн зэвсгийн төлөөх тэмцэл өрнөх эрсдэлтэй” гэж санууллаа.

 

“Зууч зургаа” ийнхүү “Зууч тав” болох уу гэх  сэтгүүлчдийн асуултад БНХАУ “Бид энэхүү түүхэн гэрээнээс гарахгүй” гэх хариултыг өгчээ. Уг мэдэгдлийн дараахан БНХАУ-тай адилбайр суурьтай буйгаа Их Британи, Франц, ОХУ, Герман улс илэрхийлжээ. Ойрын хугацаанд “Зууч тав”холбоо Ираны эрх баригчидтай уулзахаар төлөвлөж байна. 

 

Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани АНУ-ын шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн ч “Зууч тав”-тай гэрээг үргэлжүүлэхээ мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин