УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсны дарагаар гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Бид Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ирэх жил МАН амлалтаа хэрхэн биелүүлж байна, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай явж байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгийг нухацтай хэлэлцэх ёстой" гэсэн бол гишүүн Л.Болд "Хүүхдийн мөнгөний асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байна. Гэр хорооллын хөгжил бол Монголын хөгжил шүү. Гэр хорооллын асуудлаа шийдье. Хуульзүйн байнгын хорооны дарга томилолтоор явжээ. Хуульзүйн байнгын хороогоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан прокуророос мэдээлэл сонсохоор болсныг хойшлуулахгүй шүү" гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд "Хүүхдийн мөнгөний асуудлаар ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг өчигдөр хуралдаад шийдэлд хүрсэн гэсэн. Ирэх долоо хоногт анхны хэлэлцүүлгийг нь хийнэ. Хууль тогтоомж боловсронгуй болгох шийдвэрийг УИХ гаргасан. Засгийн газар төсвийн хуулиудад ямар өөрчлөлт оруулах талаар бодолцох байх гэв.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагачийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Н.Энх
Уншиж байна |