С.Бямбацогт: Махны үнэ нэмэгдэж байгаа ч малчдад ашиг нь ногдохгүй байна
2018-05-11

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар”  тавьсан асуулгын хариуг сонслоо.

 

С.Бямбацогт нарын гишүүд асуулгадаа 'Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030' болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, төрөөс гаргасан зарим хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хаваржилт хүндэрч буй аймаг сумдын малчдад цаг алдалгүй туслах шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, 'Малжуулах' төслийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж эхлэх тухай, мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар хариулт ирүүлэхийг асуулгадаа дурдсан байна. Мөн малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад учирч буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах зорилтын хэрэгжилтийг ч асуужээ. Үүнээс гадна малын зүй бус хорогдолоос урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, хаваржилт болон мал төллөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн байна. Асуулгын төгсгөлд Засгийн газраас баталсан 'Үйлдвэржилт 21:100' хөтөлбөрт туссан малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой хариулт ирүүлэх талаар Ерөнхий сайдад хандсан байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Өвс тэжээлийн нөөц, хангамжид анхаарал сайн хандуулах хэрэгтэй байна. Мал эрүүлжүүлэх угаалга туулгын асуудалд уг нь ихээхэн анхаардаг байсан. Энэ жил хэрхэн зохион байгуулах гэж байна вэ. Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд ямар арга хэмжээ хийх вэ. Тодорхой хуваарь байна уу. Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж юу байна. Махны, сүүний үйлдвэр байгуулна гээд удаж байна. Жижиг дунд үйлдвэрийн зээл малчдад очдоггүй юм шүү дээ.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Өвс тэжээлийг хангалттай бэлтгэж амжаагүйгээс гаднаас их хэмжээгээр өвс тэжээл оруулж ирсэн. Үүний үр дүнд хохирол харьцангуй бага давлаа. Энэ өвөл нийт 1,5 сая мал хорогдсон.  Махны экспортод бид анхаарч байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-2018 онд 10 гаруй аймгийн 40 орчим суманд шүлхий өвчин гарлаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн хууль батлаад, төсөв мөнгө нь нэмэгдээд л байдаг. Гэтэл шүлхий өвчний гаралт нэмэгдээд байгаа нь юутай холбоотой вэ. Бид мал амьтны эрүүл мэндийн хуультай боллоо, Ерөнхий сайд, Шадар сайд нар мал эрүүлжүүлэх аян зарласан. Бодитой үр дүн хэзээ гарах вэ. Мал өвдөхгүй, өвчин гарахгүй байх уу, мал бүрээ эрүүлжүүлж чадах уу гэдэгт хариулт өгнө үү. Мөн 66,2 сая толгой мал тоолуулж мал төллөж 80 орчим сая толгой мал болж түүхэндээ байхгүй малтай болж байна. Гэтэл махны үнэ өсч байна. "Хүчит шонхор" захад хонины мах 7300-8500, үхрийн мах 8500-9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ бол захын үнэ. Харин дэлгүүрийн лангуунд хонины мах 7500-8500, үхрийн мах 12 мянган төгрөгөөр зарагдаж байна шүү. Махны үнэ нэмэгдэж байгаа хэдий ч малчдад ашиг нь ногдохгүй дунд нь ченжүүд дамлаж ашиг олоод байгаа асуудал байна. Энэ асуудал ямар бодлого барих вэ?

 

ХХААХҮЯ-ны харъяа Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг:

 

-13 аймгийн 45 суманд гарсан нь өмнөх жилүүдийнхээс хамгийн их гаралттай байлаа. Хорио цээрийн дүрмийг хэрэгжүүлж чадахгүй байгаатай болон зуншлага муу байгаатай холбоотой шүлхий өвчин газар авлаа. Мөн өвсний асуудлаас болж шүлхий өвчин гарсан гэдгийг тогтоож, улсын нөөцөөс тус өвсийг тараах асуудлыг зогсоосон. Вакцинжуулалтыг цаг тухайд нь хийж байгаа. Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд үр дүн энэ өвлийн 11 сараас гарч, түүнээс хойш шүлхий өвчин гарсан тохиолдол бүртгэгдэхгүй гэж тооцож байна.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Ер нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сүүлийн хэдэн жил хийгээгүй. Мөн хариуцлага сайжирвал ажил сайжирна гэж харж байгаа. Махны үнэ өснө гэдэг бол орон нутагт бол сайн. Бид хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг нэмэгдүүлье л гэж байгаа шүү дээ. Энэ жил 16 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Надад байгаа мэдээллээр ямартай ч хотод махны үнэ тогтвортой байгаа. Үхрийн мах 6500, хонь 5500, ямаа 4500 гэсэн мэдээллийг манай мэргэжилтнүүд өгсөн. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Бид гахай, тахиа, бургерийн мах гээд ихэнх махаа гаднаас авч байна. Нэгдсэн том бодлогогүйгээс манай улсад халдварт өвчин газар авч Монгол Улс бүхлээрээ карентинд орлоо шүү. Б.Батзориг сайд та бодлогын асуудал хурдан оруулж ир.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Салбарын яаманд шийдэх асуудал маш их байна. Газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгох, малчид тариаланчдын хоорондох маргааныг шийдэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн ургамал тариалах гэх мэт асуудлууд маш их байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Шүлхий өвчин бол хариуцлагагүйн өвчин болсон шүү. Хэдэн адуугаа нядлаад гаргаснаа л махны экспорт нэмэгдсэн. Нэг ч малыг хөлөөр нь гаргаж болохгүй. Малаа, махаа, ноолуур, арьс ширээ бүхнийг нь гаргадаг шийдвэрийг Засгийн газар гаргасныг дэмжихгүй шүү. Жилийн 4 улирал мах гаргадаг баймаар байна. Гуравхан сар мах гаргаж байгаа нь буруу.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Бодлого ярьж, хариулт авахаар С.Бямбацогт гишүүн бид 2 асуулга тавьсан юм. Махны, сүүний аян гэж зарласан ч үр дүн харагдсангүй. Малчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна шүү. Энэ жил ноолуурын үнэ гайгүй гарч малчид амь зогоож байна. 15 сая толгой мал вакцинжуулна бусдыг нь дийлэхгүй гээд сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй асуудал шүү.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-УИХ манай салбарын бодлогыг нилээдгүй баталж өгсөн. Энэ бодлогоо үндэслээд зорилгоо тодорхойлсон. Бодлогод бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, 3 сая иргэнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, тариалангийн бүсээ тодорхой болгох хэрэгтэй байна. Малаа экспорт гаргахад өдөр бүр тогтвортой гаргадаг баймаар байна. Жижиг дунд үйлдвэрээ дэмжмээр байна. 70 тэрбум төгрөг тавьсан ч 1 их наяд төгрөгийн төсөл ирсэн. Үнэхээр эдгээр төслийг санхүүжүүлвэл энэ салбар хөгжинө.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Энэ салбарт Б.Батзориг сайд анхаарч ажиллаж, үр дүн гаргаж ажиллана гэдэг итгэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газар, УИХ тодорхой арга хэмжээ авч, нилээдгүй олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. 2012-2016 онд “Монгол мал хөтөлбөр”-ийг зогсоож үр дүнд нь хонины ноос хотондоо хог болж, арьс шир үнэгүйдсэн байсан бол өнөөдөр ноосны урамшуулал өгч, хонины арьс 3000, ямааны арьс 20000-30000 болсон. Малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан, малчдын хүүхдүүд сургуульд орохдоо заавал 6 настайдаа биш 6-8 настайдаа орох сонголттой болгосон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 дахин бууруулсан, малчдын хүүхдийн сургуульд сурахад нь сургалтын төлбөрийн дарамтгүй зээлээр суралцах боломжийг бүрдүүлсэн. Мөн ноос ноолуурын урамшууллыг олгох байдлаар малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Ирэх зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх хуулиудаар малыг эрүүлжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ мэт Засгийн газар, УИХ-аас тодрхой ажлыг хийж байна.

 

Өнгөрсөн 2016 онд Монгол мал хөтөлбөрт 40 тэрбум төгрөг зарцуулсан бол 2017 онд 90 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ бидэнд анхаарах асуудал цөөнгүй байна. Малаа эрүүлжүүлэх, эрүүлжүүлж байж экспортод гаргах, малын үүлдэр угсааг сайжруулах хэрэгтэй байна. Дорнод аймагт барга, үзэмчин үүлдэрийн 100 кг татдаг хонь байна, Ховд аймагт 50 кг татдаг хонь байна шүү. Цаашид энэ асуудалд бас анхаарч малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа  тул та бүхэн дэмжиж ажиллаарай. Малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоход мөн анхаараарай. Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд  малын дундардаггүй, дуусдаггүй, ургаж байдаг малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж экспортод гаргаж улмаар Монгол Улсын төсөвт орлого орох, ажлын байр нэмэгдэх гарц байгаа шүү. Та бүхэн бодлогоо эрчимжүүлж одоо зарцуулах гэж буй хөрөнгө мөнгөө "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөртэй холбож өгнө үү. Үүнээс гадна бэлчээрийн даацын асуудалд анхаарч, худаг усыг нэмэгдүүлэх, энэ 5,6 сард бороо оруулж зун нь гангүй, өвөл нь зулгүй байхад одооноос анхаарч ажиллахыг та бүхнээс хүсье.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Үхрийн цул мах хүчит шонхор зах дээр 11,000 төгрөг гэж байна. Жуковын зах дээр 12,000 төгрөгийн үнэтэй байна. Хаанаас 6,500 гэсэн тоо гаргаад ирэвээ. Хонины ястай мах 7,500-тай байна шдээ сайд аа. Ийм эргүү дагзнууд сайд хийгээд амьдралаас тасарцан юм яриад сууж байдаг. Манай БЗД-ийн самарсан эргүү хулгайч даа. Яаахаараа ийм нөхөд дээшээ гараад байдгыг ер ойлгохгүй юм
2018-05-13
mahny yuildveruud mash bayan.
2018-05-12
dsn:
batzorig balairaad bai! haana uheriin mah 6500 tugrug bn? tsaana chin buur 10000 garaad yvj bn .hudal medee ugdug,avdag maluud ajil hiihgui mungu l bodoj suuna daa.
2018-05-12
ккк:
Ашиг багатай бол малаар багасгаач. Ашигтай хувилбараар нь МАА-аа хөгжүүлээч. Заавал бэлчээрийнх байх албагүй шүү дээ. Монгол Улс жижиг дунд үйлдвэрээр хол явахгүй ээ. Өөрийн түүхий эд дээр түшиглэсэн том үйлдвэрүүд л хэрэгтэй.
2018-05-12
mahny yuildveruud mash bayan.
bhg:
ene uls cnin 3 say hyn amidardiina
2018-05-11