Майк Помпео: Ким Чен Ун тун эелдэг учир Трампт таалагдах байх
2018-05-14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байгаа Майк Помпео сарын хугацаанд хоёр ч удаа Хойд Солонгос улсад айлчилж, тус улсын залуу удирдагч Ким Чен Унтай биечлэн уулзсан билээ.

 

Тэрбээр Пхеньянд хийсэн айлчлалынхаа талаар “Фокс ньюс” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-ТРАМП-КИМ нарын уулзалт тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалтад хоёр тал бэлэн үү?

 

-Мэдээж хэрэг бэлэн. АНУ энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Олон улсын анхаарлыг татсан олон асуудлаар хэлэлцэх бөгөөд урьдчилсан байдлаар миний бие болон Ким Чен Ун нар зарим асуудалд тохиролцоонд хүрээд байна.

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ “Дэлхийд цөмийн дайн болох гэж байна. Тэрбээр Хойд Солонгосын цөмийн заналхийлэл дэлхийг заналхийлсээр байвал АНУ хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн.

 

-Хойд Солонгос улс олон улсын шаардлагыг хүлээн авбал тус улс илүү хөгжингүй болно. Мөн олон хөрөнгө оруулагчийг өөртөө татах давуу талтай. Хамгийн гол нь Ким Чен Ун зөв замыг сонгох учиртай.

 

-Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаа илэрхийллээ. Мөн тун удахгүй хоёр улсын удирдлагууд уулзаж, олон жилийн дайсагналдаа цэг тавихаар төлөвлөж байгаа. Хэрвээ хоёр улс олон улсын итгэлийг алдаж, хэлэлцээр хийж чадахгүй бол яах вэ. Уулзалт бүхэн амжилттай болохгүй?

 

-Тийм ээ. Эрсдлийг үргэлж тооцоолох хэрэгтэй. Гэхдээ энэхүү уулзалтын ГОЛ ТОГЛОГЧ бол АНУ гэдгийг мартах учиргүй. Бид эхнээсээ тоглолтыг гартаа авахыг хичээх болно.

 

-Уулзалт АМЖИЛТГҮЙ болбол АНУ-ын эрх баригчид Ойрхи Дорнодын улсуудад өрнүүлсэн дайны галаа Солонгосын хойгт асаах уу?

 

-Цаг хугацаа бүгдийг харуулна. АНУ-ын олон цэрэг эрс дэлхийд энхтайван тогтоохоор олон улсад тархан, үүрэг гүйцэтгэж байгаа.

 

 

-Сингапур улсад ТРАМП-КИМ нар уулзахаар тохиролцсон. Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаа илэрхийлэн Ерөнхийлөгч Трампын талархлыг хүлээгээд буй. Гэхдээ Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох ажлаас гараа татсан. Түүний шийдвэр Ираны эрх баригчдын дургүйцлийг хүргэж, улмаар тэд цөмийн хөтөлбөрөө сэргээнэ хэмээн сануулаад байгаа. Харин Трамп нэг улсын цөмийн хөтөлбөрийг сэргээж харин Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохоор ажиллаж, Пхеньяныг дарамталж байгаа. Олон улсыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Трамп аль алинтай нь хамтран ажиллах ёстой бус уу?

 

-АНУ-ын гол зорилго дэлхийн энхтайван замаар алхуулах. Гэхдээ энэ ажил олон саадтай учрах нь тодорхой.

 

-Хоёр Солонгос харилцах харилцаа ижилхэн байх уу?

 

-Мэдээж хэрэг. Өмнөд Солонгосын дэмжлэгийн ачаар АНУ-Хойд Солонгосын харилцаа сайжирч байгаа. Гурван улс харилцан буулт хийснээр нөхөрлөх бүрэн боломжтой.

 

-Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзсан өдөр АНУ тус улсад ямар дэмжлэг үзүүлэх вэ?

 

-Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан өдөр хоёр улсын харилцаа ХЭВИЙН болно. АНУ, Хойд Солонгосын эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбар хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Мөн тус улсын эрх баригчид ч гэсэн хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа. Энэ  улсын цаашдын хөгжил дэвшилд цахилгаан эрчим хүч ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Хойд Солонгосын хөдөө аж ахуйн салбарт АНУ хөрөнгө оруулсанаар тус улсын иргэд илүү аюулгүй, баталгаатай хүнс хэрэглэнэ.

 

 

-Ким Чен Уны талаар?

 

-Бидний уулзалт тун үр дүнтэй болсон. Тэрбээр их эелдэг. Бүх талын мэдээлэлтэй байгаа нь намайг гайхшруулсан. Нэг үгээр Ким Чен Ун их ухаалаг нэгэн. Тэрбээр миний ярилцлагыг үзэж байгаа байх.

 

-Хоёр улсын удирдагчид харилцан нэг нэгнээ хэл амаар доромжилсон. Энэ талаар Ким Чен Ун дурссан уу?

 

-Үгүй ээ. Бид энэ асуудлаар огт ярилцаагүй. Тэрбээр зөвхөн ирээдүйн талаар ярилцлахыг хүссэн. Ким Чен Ун тун эелдэг учир Трампт таалагдах байх. Тэд харилцан нэг нэгнээ хүндэтгэж, энэхүү түүхэн уулзалтыг үр дүнтэй болгох байх.

 

-Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн шөнө Чечень гаралтай залуу халдлага үйлдлээ. Тус улсын эрх баригчид энэхүү халдлагын захиалагчийг Исламын улс бүлэглэл хэмээсэн. Та энэ талаарх мэдээлэлтэй танилцсан уу?

 

-Мэдээж хэрэг. Би их цочирдсон. Энэхүү Исламын улс бүлэглэлийн ард хэн байгааг бид мэднэ. Хараахан нотолгоо олж чадахгүй байна. Хэрвээ хангалттай бас баталгаатай мэдээлэл олдвол террористуудыг өөгшүүлдэг бүхнийг илчлэх болно. АНУ эртнээс уг ажилд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

 

-Хойд Солонгосын эрх баригчид 12-13 өдрийн дараа цөмийн туршилтын талбайгаа албан ёсоор нураах гэж байгаа. Энэхүү талбай тус улс дахь цорын ганц талбай гэдэгт итгэлтэй байна уу?

 

-Энэ бол сайн мэдээ. Мэдээж хэрэг бид албан ёсоор шалгалт явуулна.

 

-Ким Чен Ун АНУ-д айлчлах болов уу?

 

-Би итгэж байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин