Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ
2018-05-14

“Монголын эдийн засгийн форум-2018”  “Хүчээ нэгтгэе” уриатайгаар энэ сарын 21-22-ны өдөр Төрийн ордонд болно. Энэ чуулганаар эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох,  тулгуур салбарын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид,  бизнес эрхлэгчид, судлаачид, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэх юм.  Монголын эдийн засгийн форумын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

 

“Монголын эдийн засгийн форум-2018”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

 

-Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог улс орны тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрөө танилцуулан ажил хэрэгч хийхээр төлөвлөж байна. Энэ жил “Хүчээ нэгтгэе” уриатай зохион байгуулж, агаарын бохирдлыг шийдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, агаарын тээврийн либеральчлал, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ.

 

Засгийн газар Татварын шинэчлэлийн хуулиа өргөн барьж байгаа. Татварын талаар бизнесийнхний гаргадаг шүүмжлэлийг шийдэж, реформ хийх юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зөвлөлдөх зарчмыг Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа. Төр, хувийн хэвшил зөвлөлдөж аливаа шийдвэрийг гаргадаг байх болно.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

 

-Өнгөрсөн жил  эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй гарлаа. Ойрын хоёр жил 6 хувьд эдийн засгийг барина. Тийм учраас энэ үед хуримтлагдсан орлого, нийтийн сангийн санхүүжилтийг ил тод байлгах, авлигагүй болгох асуудлыг тавина. Нийтийн сангийн мөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтуудад өөрсдийн бодлогоо тавьж оролцоно.  Өнөөдөр Зөрчлийн хууль цэвэр прокурорын дарангуйллын системийг бий болгосон байна. Энэ бол авлигын үүд хаалга, үүнийг зогсоох хэрэгтэй. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд нарт бэлгэ тэмдэг болох гэж суугаагүй. Хэрвээ хоёр өдрийн форум дээр сайд нар  бүтэн оролцохгүй бол бид бизнесийнхнээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаас нь тавьж байгаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин