АНУ-ын Тэргүүн хатагтай хагалгаа хийлгэжээ
2018-05-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, тус улсын Тэргүүн хатагтай Мелания Трамп өчигдөр нийслэл Вашингтон хотын “Walter Reed”-ийн Үндэсний Цэргийн анагаах ухааны төв эмнэлэгт хагалгаанд орсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

 

Тэргүүн хатагтайн бөөр олон жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөгөөд тэрбээр байнга эмчийн хяналтад байдаг гэнэ.

 

Энэ удаад тэрбээр зайлшгүй хагалгаанд орохоор болсон бөгөөд “эмчилгээ үр дүнтэй, амжилттай болсон. Ямар ч хүндрэл гараагүй” хэмээн уг хагалгааг хариуцсан эмч мэдэгджээ.

 

Тэрбээр үргэлжлүүлэн долоон хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна.  Ерөнхийлөгч Трамп хагалгааны дараа хүү Барроны хамтаар тус эмнэлэгт очиж, эхнэрээ эргэжээ.

 

Цагаан ордны тэргүүн мөн твиттер хуудсаараа дамжуулан эхнэрт нь хагалгаа хийсэн эмч, эмнэлэгийн хамт олонд талархлаа илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин