Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 50 хувиар өсчээ
2018-05-15
Гэрэл зургийг MPA.mn

 

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг энэ сарын 15-ны өдрөөс ирэх зургаадугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, УУХҮЯ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.


Сүүлийн таван жилийн статистик мэдээнээс үзэхэд  цагдаагийн байгууллагад жилд дунджаар 22-30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгддэг байна. Үүнээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

 

2013 онд – 337

2014 онд – 287

2015 онд – 228

2016 онд – 165

2017 онд – 330 гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Харин 2018 он гарсаар Байгаль орчны эсрэг113 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд  өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 82.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Ихэвчлэн үйлдэгдэж байгаа гэмт хэрэг:

 

  • Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 50 хувиар 

 

  • Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 53.9 хувиар тус тус  өсчээ.

 

Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж буй аж.

 

Аяны хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгийг мэргэжлийн байгууллагуудын дунд  өрнүүлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг  хэлэлцэж, гарсан саналыг  харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин