Хувийн хэвшлийнхэнд "дарлуулсан" Чойжин ламын сүм музей
2018-05-16

Сүүлийн өдрүүдэд Богд хааны ордон музейн хашаанд цэнгээний зориулалтаар асар барих тухай мэдээлэл тархаж, олон нийт хүчтэй эсэргүүцсэний үр дүнд түүхийн үнэт дурсгалууд хадгалагдан буй ордон музейг “аварч” үлдээд байна.

 

Түүх соёлын дурсгалт газрыг сүйтгэж эхэллээ гэх мэдээллийг сонсоод Ерөнхийлөгч газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, ажил хэрэгчээр хандав. Гэвч “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр  Богд хааны ордон музейн газраас Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд, “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар тус тус олгосон болох нь олон нийтэд ил болсон.

 

Үнэндээ Монголын Төр түүх соёлын дурсгалт газраа хамгаалж чадаагүй, чаддаггүй болохыг Богд хааны ордон музейн газрын маргаан харууллаа. Тэгвэл Чойжин ламын сүм музейн ажилчид ч хувийн хэвшлийнхэн газрыг нь “булаасан” асуудалтай тулгарчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс нь 2 га талбай аж. Гэвч музейн хамгаалалтын бүсэд эрх мэдэлтнүүд давхардуулан газар олгосон. Үүнээс үүдэн музейн удирдлагууд дөрвөн ч барилгын эзэнтэй газрын маргаан үүсгэн, шүүхээр шийдүүлэхээр олон жил хөөцөлдөж байгаа юм байна.

 

Энэ талаар “Чойжин ламын сүм музей"-н захирал Д.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс 2 га байдаг. Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны тогтоолоор долоон байгууллагын газрын хэмжээг тогтоож, хавсралтанд нь хамгаалалтын бүсийг тогтоож өгсөн. Чойжин ламын сүм музей хоёр га хамгаалалтын бүстэй боловч үүнийг газрын гэрчилгээ, кадастарт огт тусгаж өгөөгүй байсан. Үүнийг шийдүүлэхээр 2010 онд газрын алба, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаад кадастрын зургаа авахад 609.5 буюу ганцхан сүмийн кадастрын зургийг хийсэн байсан. Чойжин ламын сүм музей бүхэл бүтэн 15 объекттой байтал зөвхөн нэг сүмийг кадастрын зургаар тооцсон нь учир дутагдалтай. Улаанбаатар хотын А зэрэглэлд байгаа энэ музейн кадастрыг тэгж гаргах шалтгаан юу байв гэдгийг олохоор бид мэргэжлийн хяналтын байгууллага, газрын алба зэрэг олон байгууллагад  хандсан. Ингэснээр Чойжин ламын сүм музей нэг га буюу хэрмэн хашаагаар музейн эзэмшлийн газраа баталгаажуулсан. Дараа нь Хууль зүйн яамнаас баталгаажсан хамгаалалтын бүсийнхээ тогтоолын дагуу 2 га хамгаалалтын бүсийн кадастрын гэрчилгээг авсан. Гэтэл 2 га талбайд маань нэвтрээд ороод ирсэн барилга, байшингийн асуудлаар дөрвөн барилгын эзэдтэй бид газрын маргаан, газрын давхацлын асуудлаар тэмцэлдэж байна. Тухайлбал Чойжин ламын сүм музейн хойд талбайг автомашины зогсоолоор ашигладаг “Чоно” ХХК байна. Энэ байгууллага музейн арын талбайг 10 гаруй жил зогсоолын байдлаар ашиглаж ирсэн. Музейн эзэмшлийн газаручраас Улсаас төлбөрийг төлөөд явж байгаа хэр нь өнөөдөр түүнийг нь хувийн хэвшлийн газар ашиглаад орлого олоод автомашины зогсоол болгох нь зөв үү. Төр Засаг түүх соёлын өвдөө анхаарал хандуулж, хувийн хэвшлийн байгууллага улсын өмч рүү ингэж халдаж байгаа асуудлын учрыг олох цаг нь болсон” гэв.

 

Уг “Чоно” ХХК-д шаардлага тавихаар өмнөх удирдлагатай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу 100 гаруй сая төгрөгийн төлбөр нэхэмжилдэг болохыг тэрбээр учирлаж, “Манай эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байж биднээс төлбөр нэхэх нь байж болох асуудал уу. Үүнд Төр Засгийн удирдлагууд анхаарлаа хандуулж, энэ асуудлыг цэгцэлнэ гэдэгт итгэж байна. Түүх соёлын нандин өвөө хамгаалах тал дээр Улс анхаарахгүй бол бид хувийн компанитай учраа олж чадахгүй энэ байдлаар цаашид явсаар байх уу” гэдэг асуудлыг Төр, Засгийн удирдлагуудад дайж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чойжин ламын сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн брухад тэргүүтэн нийт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. АСЕМ болоход, ажлын айлчлал хийж яваа гадаадын нэр хүндтэй албаны хүмүүс ирэхэд ч  манайд байгаа хэдэн музей, түүнд хадгалагдаж буй түүхэн дурсгалууд, үндэсний урлагийн үзүүлбэр л Улсын нүүр “тахалдаг”. Гэтэл Төр, Засаг сүм хийд, музейн барилга байгууламж, засвар шинэчлэлтэд огт анхаардаггүй, хайхардаггүй болохыг өнөөдөр нурж, унах шахсан музейн барилгууд бэлхнээ хэлээд өгнө.

 

Өнөөдрийн байдлаар Чойжин ламын сүмийн бүх барилгын гадна өнгө будаг маш их гандаж муудсан, байтаа хагарсан, ховхорч унасан, дээврийг нь сэргээн засварлаагүй барилгын дээврийн ваарын завсраар өвс ургамал ургаж, ваар нь суларсан, төгсгөлийн нөмрөг болон тосгуур ваар, амьтад, дээврийн өнцгийн дам нурууны хонх унаж дутсан байна. Дээврийн ус зайлуулах хоолойн зарим нь эвдэрсэн, ваарын хагалаас муудаж, зарим газраа байхгүй болсон учраас их бороотой үед Гол сүмийн сраавчны залгаа хэсэг болох Гонхон, Занхан сүм болон хүндэгтэлийн асар хаалганы дээврийн ус нэвтэрч дотогш хана, баганаа даган гоождог аж.

 

Энэ талаар “Чойжин ламын сүм музейн” захирал Д.Отгонсүрэн “Аливаа Улс орны нүүр царай нь түүх соёл урлаг.  Тиймдээ ч АСЕМ-ын хүндтэй зочид соёл урлагаар л амьсгалсан. Гэтэл эргээд соёлын өвөө хамгаалах хадгалах тал дээр Төр, Засгийн анхаарал үнэхээр анхаарал сул байна. Өнөөдөр Чойжин ламын сүм музейн дээврээс борооны дусал гоожоод л байж байна. Музейн ажилчид бид  аргаа бараад өөрсдөө мөнгө цуглуулаад захаас хар цаас, гялгар уут авч бөглөдөг. Хэрэв борооны ус гоожчихвол Монгол Улсын цаасан шуумал хосгүй үнэт бүтээлүүд норох эрсдэлтэй” гэв.

 

Музейн ажилчид ч хүнд, хэцүү нөхцөлд ажилладаг байна. Уг сүм музей нь төвийн халаалт, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй тул ажилчид нь гүний худгаас ундны усаа залгуулж, цахилгаан тэннээр ажлын байраа халаадаг аж. Гэтэл “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгаа”-аар уг гүний худгийн ус нь нефтийн агууламжтай болохыг тогтоожээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар Д.Отгонсүрэн захирал хэлэхдээ “Музейн эргэн тойронд авто зогсоол олноор байдгаас гүний худгийн ус нефтийн агууламжтай болсныг судалгаагаар тогтоосон. Ажилчид маань авто зогсоолоос болж нефтийн агууламжтай ус хэрэглэж иржээ. Иймд ажилчдын эрүүл мэнд асуудал болоод байна. Манай музейн ажилчдын ихэнхи нь бөөрний өвчлөлтэй. Учир нь 100 хувь халаалтгүй байранд ажилладаг. Мэргэжлийн байгууллагуудаас уран барилга байгууламжыг дулаалахын тулд гадуур нь дахин барилга барих хэрэгтэй гэдэг дүгнэлт гаргасан. Гэвч гадуур нь барилга байгууламж барихаар уран барилгын хийц нь алдагдах тул халаалтын асуудлыг шийдэх боломжгүй гэсэн” гэлээ.

 

Түүхийн үнэт өв соёлыг хадгалж буй цөөн хэдэн музейд бүрэн завсар хийхэд Төрийн данс улайчихгүй. Түшээдэд сэтгэл л дутаад байна. Монголын Төр түүх соёлын дурсгалт газраа хамгаалж чаддаггүй юм гэхэд музейн хамгаалалтын бүс газрыг хувийн хэвшлийнхэнд зарж борлуулахгүй байх, эрх мэдэлтнүүд хувааж “идэхгүй” байх  тал дээр анхаарал хандуулах цаг болсон.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чойжин ламын сүм мүзейн өнгө гундуу байна. Хуучин тос даасан улаан шар хосолсон сайхан байсан шиг санагдах юм.
2022-06-19
номио:
харин тийн гоёшдээ
2018-05-17
доржоо:
яхуудээ гоёшдээ
2018-05-17
номио:
харин тийн гоёшдээ
zochin:
Музейн асуудал хариуцсан албан тушаалтан байдаг биз дээ. Тэнд нар нь ажилаа хийх хэрэгтэйм бишүү. ер нь соелын өвийг хамгаалах төрийн бодлого боловсруулж , одоо л хамгаалалтанд авахгүй бол номгүй соёлгүй харанхуй бүдүүлэг хүмүүс болох аюул учирч бна
2018-05-17
haalttai huraldaanii davuu tal n kamernii omno daldagnaj huul bataldaguid orshino
2018-05-16
Монгол туухээрээ бахархах хэрэгтэй байгаа цеехен музейн газраа эрх мэдэлтэнгууд еерсдее цаагуураа авч байгаа нь унэн Оюуны доголдолтой хууль еерсдее гаргана туунийгээ еерсдее л зерчине ард тумэнд тийм том эрх мэдэл байхгуй музейн газруудаа хамгаалж гадныхны узэх дуртай узвэруудийг цэвэр цэмцгэр байрлуулж хашаан доторхи тохижилт ОО г шийдэж егех хэрэгтэй
2018-05-16
Зочин:
Машин зогсонгуут худгаас нефть амтагдах ч бас хамаа намаагүй ярих юм даа. Музейд дулаан оруулахгүй бол доторхи зүйлс муудах тул шийдэх хэрэгтэй. Цэвэрт холбох ч уг амархан байх. OO асуудал хавь ойрын газрууд нь шийдэж өгмөөр юм.
2018-05-16