“Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСАУ-д нээгдлээ
2018-05-16

 

Монголын талын санаачлагаар Дэлхийд эхний 5-д ордог БНСУ-ын Солонгосын Үндэсний музейд зохион байгуулагдаж буй  “Монголын: Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн”үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлээ. Үзэсгэлэн 2018 оны 05 сарын 15-наас 2018 оны 07 сарын 17 хүртэл нийтэд дэлгэгдэх болно.

 

Зохион байгуулагч байгууллагаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Солонгосын Үндэсний музей ажиллаж байна.

 

Үзэсгэлэнд Монголын талаас: БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан нар оролцож байна.

 

 

 

Үзэсгэлэнгийн зорилго:

  • Монгол-Солонгосын хамтарсан судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойг тохиолдулан хоёр орны хамтын судалгаа шинжилгээ ололт амжилтыг сурталчилах,
  • Дэлхийн түүхийг өөрчилсөн Монголын эзэнт гүрний түүх, соёлыг Солонгосын жирийн иргэдэд таниулан сурталчилах,  
  • Монгол-Солонгос хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, харилцааг дээшлүүлэхэд түлхэц өгөх,
  • Монголын соёлыг сурталчилах.

 

Үзэсгэлэнгийн ач холбогдол:

-Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Соёл, урлагийн аялал жуулчлал хөгжүүлэх,гадаадад Монголын үндэсний соёл, урлагийг сурталчилах , үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, Монгол контентийг хөгжүүлэх” заалтыг хэрэгжүүлэх;

- Түүх, соёлын судалгааг инноваци болгох;

- Музейн үзмэрийн орчинг сайжруулахад нэмэр болох;

- Монголын түүх, соёлыг гадаадад сурталчилах зэрэг олон талын ач холбогдолтой.

 

 

 

 

 

Үзэсгэлэнд Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн олон төрлийн хүрэл эдлэлүүд, төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас илэрсэн хувцас хунар, зэр зэвсэг, Хүннүгийн дурсгалаас илэрсэн алт мөнгөн чимэглэл, хүрэл сав суулга, шавар ваар, тэрэгний үлдэгдэл, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны алтан эдлэлүүд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Таван толгойн дурсгалаас илэрсэн ширэн гутал, төмөр сэлэм, хуяг, 17-р зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг 232 иж нийт 550 үзмэр оролцож байна.

 

Үзэсгэлэнг дагалдан Монголын түүх, соёлыг танилцуулсан бичвэр, үзмэрийн өнгөт гэрэл зургийг багтаасан 300-аас доошгүй нүүр бүхий каталоги Монгол, Солонгос хэлээр хэвлэгдсэн.

 

Түүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног”, Монголын язгуур урлагийн тоглолт зэрэг Монголын түүх, соёлыг сурталчилах арга хэмжээг давхар зохион байгуулж байна.

 

 

 

Үзэсгэлэнг сав баглаа, дэглэлт, дизайн, дагалдах каталоги зэрэгтэй нь бүгдийг нь хамт багтаасан цогц бүтээгдэхүүн болгож авснаар цаашид олон улсад гаргаж Монголыг сурталчилан таниулах боломжтой юм. Энэхүү үзэсгэлэн  Монголын түүх, соёлыг сурталчилах соёлын инноваци шингэсэн цогц бүтээгдэхүүн болж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин