“Улаанбаатар марафон”-ы үеэр нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө
2018-05-17

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

 

Энэ онд “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн энэ дугаар сарын 19-ний өдөр 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулагдана.

 

“Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

 

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаас, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.

 

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.

 

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин