Кубад онгоц осолдож, 110 хүн амиа алджээ
2018-5-20

Кубын “Cubana de Aviacion” компанийн зорчигч тээврийн “Boeing 737” онгоц Кубын нийслэл Хавана хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү аймшигт ослын улмаас 110 хүн амиа алдаж, гурван хүн шархадсан талаар тус компанийн албан ёсны твиттер хуудаст нийтлэгджээ.

 

Онгоцонд нийт 113 хүн зорчиж явсан бөгөөд амиа алдагсдын дунд 1-5 насны таван хүүхэд бий гэв. Мөн ослоор гадаадын 10 иргэн амиа алджээ.

 

Онгоц хуваарийн дагуу Хавана хотоос Ольгин руу нислэг үйлдэхээр хөөрсөн бөгөөд хэдхэн минутын дараа осолдсон байна.

 

Аймшигт ослоос амьд үлдээд буй гурван иргэнийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь муу, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй талаар албаныхан уламжлав.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд онгоцны бүхээгийн хэсэгт байрлах хар хайрцгийг шинжилгээнд өгчээ.


 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин