Трамп, Си нар ХУДАЛДААНЫ ДАЙНАА зогсоохоор тохиролцжээ
2018-05-21

Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох АНУ болон БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайныг эцэслэхээр хоёр улсын эрх баригчид тохиролцсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид хоёр өдрийн турш Вашингтон хотноо чуулж, харилцан тохиролцоонд хүрсэн байна.

 

Бээжингийн эрх баригчид АНУ-аас худалдан авдаг барааныхаа тоо ширхэг, төрлийг нэмэгдүүлж, улмаар АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах тохиролцоонд хүрчээ.

 

Бээжин АНУ-ын хөдөө аж ахуй, эрчим хүчний салбараас голлон импортоо нэмэгдүүлэхээр болсон талаар Трампын эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоурэнс Кудлоу мэдэгджээ.

 

Дээрх хэлэлцээрээс өмнө Си Зиньпинийн Эдийн Засгийн ахлах зөвлөх Лью Хи  Вашингтонд айлчилж, улмаар Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан билээ.

 

Худалдааны дайн дэгдснээс хойш анх удаагаа БНХАУ буулт хийж, АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдлыг 200 тэрбум ам.доллароор бууруулах санал тавьсан юм.

 

АНУ-ын худалдааны тэнцэл өнгөрсөн онд 800 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнээс 500 ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин