Шинзо Абэ Петербургийн форумд оролцож, Путинтэй дээд хэмжээний уулзалт хийнэ
2018-05-22

 

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум /ПМЭФ-2018/ тавдугаар сарын 24-26-нд болно. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байснаа цуцласан талаар өчигдөр мэдээлсэн.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын очиж амжихгүй болсон эдийн засгийн энэ чуулга уулзалтын үеэр дээд хэмжээний хэд хэдэн уулзалт болох юм байна. Тухайлбал, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 25-26-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар тус улсад айлчлах аж.  Кремлийн хэвлэлийн албаны эх сурвалжаас иш татан ТАСС агентлаг мэдээлэхдээ, Японы Ерөнхий сайд тавдугаар сарын 25-нд Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох бөгөөд 26-нд ОХУ болон Японы дээд хэмжээний уулзалт болно гэсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр зарим чухал баримт бичигт гарын үзэг зурна гэдгийг  ч Кремлийн хэвлэлийн албан мэдээлсэн байна.

 

Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог. Энэ форумд дэлхийн улс орнуудын төр засаг, олон улсын байгууллагууд, томоохон компаниудын удирдагчид, экспертүүд хэвлэл мэдээллийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог билээ.

 

Д.АРИУН

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин