Дэлгэр зун айсуй. Зуныг дагаад жуулчид ирнэ. Тэдэнд юу үзүүлж, Улсынхаа, Нийслэлийнхээ нэрийг "авч" үлдэх вэ ?!
Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болохдоо богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэнэ гэж амласан. “Саалиа бэлтгэхээр саваа бэлд” гэж үг бий. Нэг зунд нэг сая жуулчин манай Улсыг л гээд зорьж ирвэл сайн, сайхан хэрэг. Гэвч тэдэнд юу үзүүлэх вэ.
Аялалын ахиухан төсөвтэй жуулчид хөдөө орон нутгаар аялж, байгалийн дурсгалт газруудыг үзэж сонирхоод сэтгэл хангалуун буцчих байх. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг л үзэж сонирхохоор зорьж ирэх жуулчдад юу үзүүлэх вэ. Тэд аливаа Улсын түүх соёлтой танилцаж, хөшөө, дурсгалт зүйлсийг үзэж, сонирхохоор ирдэг. Гэтэл манай Нийслэл хотод байгаа түүх соёлын үнэт өвүүд хадгалагдан буй сүм, хийд, музейд нурах шахсан, борооны дусаал гоожсон, зарим нь “хаалттай” гэх бичиг наалттай байгаа.
Хотын төвд байрлах “Beatles”-ийн хөшөөгөө ч болтугай босгосон нь дээргүй юу хотын дарга аа.
Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэхээр болж өнгөрөгч оны наймдугаар сарын 2-нд төслийн нээлтийг хийсэн. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс доош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөж байв.
Иргэд, олон нийт амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг Улсын их дэлгүүрийн өмнөх талбай буюу олон нийтийн нэрлэж заншсанаар фонтаныг тойруулан хашаа барьсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа нийгмийн цахим сүлжээгээр илэрхийлсээр байсан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд /2018.04.04/ захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Ингэж эргэж, буцсан шийдвэр гаргаж намар, өвөл, хаврыг өнгөрүүлж, өнөөдөр зун болчихлоо. Гэвч өнөөдөр олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг фонтаныг засч, тохижуулах ажил явагдаж байгаа зүйл огт алга. Фонтаныг тойруулан ногоон хашаа татаад олон сар өнгөрлөө. “Beatless”-ийн хөшөөг үзэж сонирхох гэсэн жуулчид бие биенээ өргөн, ногоон хашаан дээгүүр өнгийн хөшөөг үзэж байхтай таарсан. Өнөөдрийн байдлаар манай Улсад жилд 405 мянган жуулчин ирж байна. Тэд бүгдээрээ ийм өрөвдмөөр байдалтай Нийслэлээр аялаад буцаг уу.
Хотын даргын гаргасан захирамжид Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан. Ажлаа хурдан эхлэхгүй бол жуулчид ирлээ хотын удирдлагууд аа.