Шатахуун импортлогчид ҮГЭЭ хэл
2018-05-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагууд гэх хоёр нөхөр сарын өмнөөс "Монголын шатахуун түгээх станцууд найруулсан бензин борлуулж байна” хэмээн мэдээлэл хийх болсон. Тэд өчигдөр ч /2018.05.23/ хэвлэлийн хурал хийж, өнөөх “найруулсан” гэх бензинээ шинжилгээгээр тогтоосон хэмээн мэдэгдээд амжсан. Тэдний энэ үйлдлийг хэнээтэй нөхдүүд шантааж хийж байна гэж харж болмоор. Гэвч шатахуун түгээх станцын удирдлагууд номхон хонь шиг огт хариугүй, албан тайлбар хийхгүй байгаа нь “нээрэн хуурамч шатахуун зардаг юм биш үү” гэх хардлага төрүүлж байна. Монголчууд өөрийг нь гэмгүй байхад гүтгэн доромжилсон тохиолдолд цөс ихтэй хөөрлөөрөө өрсөөд “босоод” л ирдэг дээ. Тэд ч гэмгүй бол өөрсдийгөө өмгөөлөх эрх нь хүний ёсоороо, хуулиараа ч бий. 

 

Шатахуун импортлогчдоос урьтан мэргэжлийн байгууллагууд хуурамч шатахуун худалдаалсан зөрчил огт илэрсэнгүй хэмээн мэдэгдэл хийгээд амжлаа. Тэдний эл үйлдлийг шатахуун импортлогчдыг хаацайлж, ард олны эрх ашгийг умартлаа хэмээн олон нийт шүүмжилж байна. Нээрэн хувийн хэвшлийнхэн дугараагүй байхад албаныхан урьтан мэдээлэл хийж, өмгөөлөх нь бас л хардлага төрүүлмээр.

 

ШӨХТГ, МХЕГ-аас хуурамч шатахуун үйлдвэрлэж буй асуудлыг шалгаж, импортлогчдын бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн аж. ШӨХТГ-аас хуурамч шатахуун зарж, борлуулсан гэх утгатай анхааруулга гаргасан. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр /2018.05.24/ мэдээлэл хийж, манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй. Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна” гэлээ.

 

Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун борлуулж байна гэх асуудлыг олон нийтэд анхлан танилцуулсан. Гэхдээ ямар шатахуун түгээх станц, хаагуур, хэрхэн хуурамч шатахуун борлуулаад байгааг хэлээгүй. Дараа нь ШӨХТГ хуурамч шатахуун борлуулж байгаа эсэхийг нь шалгасан ч мөн л нэр цохож, “Тэнд зарж байна лээ шүү” гээд хэлчихээгүй. Сүүлд нь мэргэжлийн хяналтын байгууллагаас  огт тийм зүйл байхгүй болохыг хяналт, шалгалтаар тогтоосон гэв.

 

Үнэхээр Монголын зах зээлд хуурамч, найруулсан, хольсон бензин борлуулаагүй л бол Шатахуун түгээх станцын удирдлагууд албан тайлбар өгч, энэ асуудал дээр байр сууриа илэрхийлмээр юм. Тэд албан тайлбар хийж, олон нийтийн эргэлзээ, тээнгэлзээг арилгаж өгөх хэрэгтэй.  

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин