Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах төслийг анхны хэлэлцүүлгээр батална
2018-5-29

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.29) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 10 цаг  14 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

 

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

 

   

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

 

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан. Уг  хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

 

Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх бөгөөд 2018 онд нэмэлт орон тоо шаардахгүй. Харин уг төвийн дэргэдэх улсын төсөвт үйлдвэрийн гурван газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу шинээр байгуулагдах ерөнхий газрын дэргэд ажиллахаар зохион байгуулах аж. Харин аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм байна.

 

 Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан шинээр байгуулагдах агентлагийн үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоо баримтыг лавлаж тодруулсан юм. Салбарын сайд энэ талаарх хариултдаа, шинээр байгуулагдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.  

 

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар энэ агентлагийг байгуулах юм. Одоо тус төв нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлээр цалинждаг 31 ажилтантай. Төвийн дэргэд Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт үйлдвэрийн газартай, эдгээрт 90 хүн ажилладаг.

 

 

Төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж өөрчлөн зохион байгуулагдсанаар алслагдсан баг, хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалт, хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж салбар дундын үйл ажиллагаа өргөжин, чанар нь дээшилж дотоод, гадаадын хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байгааг хэллээ. Сайдын хариултаас үзэхэд Үндэсний статистикийн газрын мэдээгээр 2017 оны байдлаар манай улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 130600 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй гэсэн мэдээлэл байдаг аж.

 

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн юм.

 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов

 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

 

 

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллах зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат мал эмнэлгийн анхан шатны байгууллага нь орон нутагт ямар бүтэцтэй байх, хувийн мал эмнэлгийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж ажиллах талаар асуулт асууж тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гишүүний асуултад өгсөн хариултдаа, 2017 оны сүүлчээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд энэ оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуульд заасны дагуу малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдэлдээ авч, энэ үндсэн дээр босоо тогтолцоотой Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулахаар болж байгаа юм. Мөн малаа эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах үүднээс саяхан Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн 5 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 20-ны хооронд малаа вакцинжуулах, уулга туулгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ бүгд нь мал сүргээ эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, малынхаа үүлдэр угсаа, таваарлаг чанарыг сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын чухал зохицуулалт гэдгийг хэллээ.

 

 

Мөн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг одоогоор улсын хэмжээнд хувийн мал эмнэлгийн 998 нэгжид 1493 малын эмч ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлснээр бүх суманд гурван орон тоотой мал эмнэлгийн тасаг байгуулагдаж, малын өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг олон жилийн тандалт судалгаанд үндэслэн хэтийн зорилт, чиглэлтэй хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах юм. Мөн хувийн мал эмнэлгийн нэгжүүд хэвээр ажиллах бөгөөд орон нутгийн мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдтэй гэрээний үндсэн дээр хамтарч ажиллана гэлээ.

 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Гишүүний горимын санал дэмжигдсэн учраас “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин