Майк Помпео өнөөдөр Пхеньянаас ирсэн генералтай уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарыг ирэх зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт уулзахаас урьтаж, Пхеньян төлөөлөгчөө Америк руу илгээсэн билээ.
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлстийн дарга, генерал Ким Ён Чол удирдагчийнхаа итгэлийг дааж, Бээжингээр дамжин, АНУ-д хүрсэн байна.
Тэрбээр өнөөдөр Нью Йорк хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахаар болсон талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мэдэгдлээ.
Энэхүү уулзалтаар хоёр тал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй ТРАМП-КИМ нарын уулзалтын талаар ярилцах гэнэ.
Генерал Ким Ён Чол өнгөрөгч хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохиогдсон өвлийн олимпийн хаалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган охин Иванка Трамптай уулзжээ.
Тэрбээр АНУ-д айлчилж буй Хойд Солонгосын хамгийн том албан тушаалтан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ