Улаанбаатар
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ
6-3

 

 

“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ. БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улс маань гайхалтай сайхан байгаль, нүүдэлчин ахуй соёл, найрсаг зочломтгой ёс заншилтай аялан жуулчлах хамгийн таатай орон билээ. Энэхүү үзэсгэлэн аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдсэн энэ үед энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж нийслэлчүүддээ амралт, чөлөөт цагаараа эх орондоо төдийгүй хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх мэдээллийг нэг дороос өгч байгаагаараа онцлог болж байна. Энэ жилийн үзэсгэлэнг “Цайны замаар аялахуй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ. Түүнчлэн Ховд аймгийн Аялал жуулчлалын газар хамтран эх орноо, аялал жуулчлал, түүх соёлоо сурталчилж байгаад талархал илэрхийлье. Аялагчид, амрагчид, нийслэлчүүд та бүхэнд сайхан аялж амрахыг хүсье” хэмээлээ.

 

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдын тоог тэргүүлдэг манай урд хөрш БНХАУ-аас ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны Хамтын ажиллагааны газрын орлогч дарга Му Вей болон Эрээн хотын орлогч дарга Ду Дэ Шин тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчөөс гадна дотоодын 80 орчим аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэнгийн үеэр улс орноо, аялал жуулчлалаа сурталчилж байна.

 

Түүнчлэн арга хэмжээний үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын илтгэлүүдийг сонсох боломжтойгоос гадна спорт сонирхогч залуусдаа зориулан “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, Улаанбаатар чуулгын авьяаслаг уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтоо өдрийн турш толилуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин