Торонтод бүртгэлтэй компанийн ХУВЬЦААГ эзэмших боломж нээгдлээ
2018-06-04
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ ресурс девелопмент” корпорэйшны цан цохих ажиллагаа Хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. Тус компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Монгол Улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй анхны компани болж буй юм.

 

Цан цохих ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэ ресурс девелопмент” компани болон Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн удирдлагууд оролцлоо.

 

Энэ үеэр “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Петр Акерли:

 

Компанийн хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржид гаргах үйл ажиллагаа амар байсангүй. Өнөөдөр анх удаа монголчууд өөрийн хөрөнгийн бирж дээрээс олон улсад бүртгэлтэй хайгуулын компанийн хувьцааг худалдан авах боломж нээгдэж байна. Ингэснээр монголчууд өөрийн улсын эрдэс баялгийн үр шимийг хүртэх, ялангуяа Баянхонгор аймагт илрүүлсэн алтны ордыг амжилттай ажиллуулахад шууд хөрөнгө оруулалт хийж оролцох бололцоо нээгдлээ.

 

Манай компани 14 жилийн өмнөөс 50 сая ам.долларын хөрөнгийг хайгуулын ажилд зарцуулан, үр өгөөжийг нь хүртэхэд бэлэн болоод байна хэмээн хэллээ.

 

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:

 

Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдөр нэг шинэ төрөл зүйл нэмэгдэж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК Монголын хөрөнгийн зах зээлд албан ёсоор хувьцаагаа олон нийтэд санал болгож буй түүхэн үйл явдал болж байна. Дэлхийн стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчид хэрэглэх боломж нээгдэж байгаа нь түүхийн цоо шинэ хуудас гэдгийг онцлов. Мөн тэрбээр Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох, итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Цаашид ч энэ чиглэлээр ажиллана гэдгийг тус байгууллагын удирдлага хэлэв.   

  

Тус компани нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4 000 000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр МХБ-ээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулах юм байна. 

 

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үндсэн андеррайтераар "Би Ди Сек ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК" ХХК ажиллаж байгаа юм.  

 

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл хүлээн авна. 

 

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин