Д.Цогтбаатар: Ерөнхий сайд энэ ондоо багтан ОХУ-д айлчилна
2018-06-05

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

 

-Хамгийн  сүүлд  та  АНУ,  ОХУ-д  айлчлаад  ирсэн.   Айлчлалын  хүрээнд  ямар  ажлууд яригдав?

 

-Саяхан АНУ, ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Лавров сайд болон гадаад харилцааны яамны бүх түвшний удирдлагуудтай уулзаж яриа хэлэлцээ хийлээ. Мөн Орост суралцаж буй монгол оюутнуудтайгаа уулзсан.   Мөн айлчлалын үеэр гол яригдсан асуудлууд бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн  түншлэлийг улам гүнзгийрүүлж ямар асуудалд анхаарал хандуулах тухай санал солилцсон.

 

-Ерөнхий  сайдын  ОХУ  дахь   айлчлал  цуцлагдсан  ч  дахиад  айлчилна  гэсэн  мэдээлэл  цацагдаж  эхэллээ.  Хэзээ  төлөвлөсөн  бэ?

 

-Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг  энэ ондоо хийхээр ярилцлаа. Төрийн өндөр айлчлалуудаа ямар давтамжтай, хэзээ хийхэд тохиромжтойг мөн хэлэлцсэн.  Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг ярьж, энэ ондоо багтаж хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.  Айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн асуудлуудад анхаарал хандуулж ярилцсан. Оросын талд бидний зүгээс худалдаагаа хумихгүй, өнөө байгаа түвшнээсээ тэлж нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг тавьж байна.  Чөлөөт худалдааны судалгааг тал талдаа хамтран эхлүүлэхээр яригдаж байна. 100 тэрбум рублийн зээлийн асуудал яригдаж, эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын чиглэлд хөрөнгө оруулж ажиллахаар тохиролцсон. Мөн эдийн засгийн коридорын асуудлаа түлхүү ярилаа. Оросын Батлан хамгаалахын сайдын Монголд хийх айлчлалыг товлохоор болсон.

 

Дараа жил болох Халхын голын дайны 80 жилийг ойг хамтарч тэмдэглэхээр тохиролцов. Энэ нь чухал улстөрийн ач холбогдолтой хамтарсан арга хэмжээ болох юм.

 

-АНУ-д  хийсэн  айлчлалын  тухайд  тодруулахгүй  юу.   Ерөнхий  сайд  удахгүй   тус  улсад  айлчилна. Үр  дүнг  хэрхэн  харж  байна  вэ?

 

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.  Мөн  Америкийн чухал, нэр бүхий судалгааны хүрээлэнгүүдтэй уулзсан. Тодруулбал, Жонс Хопкинс, Хадсон, Азийн нийгэмлэг зэрэг АНУ-ын томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд зочлон эрдэмтэн судлаачид, Монголыг сонирхсон хүмүүстэй уулзаж, илтгэл тавьсан. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын сантай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв. Хэлэлцээ дууссан, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон байгаа. Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах юм. Бид энэ асуудалд сайтар судалгаа хийж, нарийн тооцоотойгоор хандаж байгаа. Гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна. Өөр нэгэн чухал  зүйл нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын АНУ-д хийх айлчлалын талаар санал солилцлоо. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зургадугаар сарын сүүлээр хийхээр тохирсон. АНУ-ын Мянганы Сорилтын сантай хоёр дахь компакт гэрээ байгуулах зэрэг улс оронд ашигтай гэрээг үзэглэнэ.

 

-Транзит тээврийн гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ?

 

-Монгол, ОХУ-ын транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах ажил бэлэн болсон. Яг хэзээ вэ гэдгийг ярилцаж байна.

 

-Монгол  Улс  ШХАБ-д  элсэх  талаар  яригдаж  байна. Энэ  тал  дээр т а ямар байр суурьтай байна вэ?

 

-2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгээ боловсруулснаас хойш энэ байгууллагын талаарх нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байгаа.  Хамгийн сүүлд Энэтхэг, Пакистан хоёр улс нэгдэн орлоо. Тиймээс манай яам нээлттэй судалгаа хийгээд, өөрийн байр сууриа эцэслэн гаргаад байна.

 

Эх сурвалж: polit.mn

Shuud.mn
Сонин хачин