Ц.Цогзолмаа: ЭЕШ-ын тест задрах асуудал үүсэхгүй
2018-06-06

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Тэр дундаа Баянзүрх дүүрэгт байрлах 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг зургийн дагуу нь барих ажлыг шийдвэрлэлээ.

 

 Үндсэн зургийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн барилгыг барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр хүүхдүүдтэй ажиллах багш илүү арчилгаа, эмчилгээг хийдэг. Тэднийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэгийг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх 7 хоногтоо багтаан тендерийг зарлана хэмээн мэдээлэв. Тэрбээр  мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

10 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүчин чадал нь нийт хичнээн хүүхдээр нэмэгдэх вэ?

 

-120 хүүхдийн багтаамжтай байхаар зураг төсөл нь боловсруулагдсан. Баянзүрх дүүрэгт тусгай хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайн цэцэрлэгт гэнэтийн шалгалт хийхэд хүүхдийн дүүргэлт хангалтгүй байсан. Гадуур хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байхад тэднийг авч сургаагүй мөртлөө хүүхдийнхээ тоог худлаагаа мэдүүлээд явж байсан нь тодорхой болсон. Тиймээс шийдвэр гаргаад эрхлэгчийг нь ажлаас нь чөлөөлсөн. Одоо энэ цэцэрлэг 100 хүүхдээ гүйцээж аваад ажиллаж байгаа. 10 дугаар цэцэрлэгийн хувьд 150 хүртэл хүүхдийг хүлээж авах бололцоо бий.

 

-Есдүгээр сарын 1ний өдөр нийт хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орсон байх вэ?

 

-2017 оны төсөв батлагдах үеэр улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Тиймээс ихэнх баригдаж буй сургуль, цэцэрлэгийн үнийн дүнгээс 500 саяас 800 орчим сая төгрөгүүд нь урьдчилсан байдлаар тавигдсан. Харин үлдсэн мөнгө нь 2019 оны төсөвт үргэлжлэн суугдахаар байгаа. Тиймээс энэ оны сүүлээр нийт сургууль, цэцэрлэгийн барилгын 30 хувь нь ашиглалтад орно. Үлдсэн нь 20192020 оны хичээлийн жилд ашиглалтад орно. Энэ онд хүүхэд бүр цэцэрлэгт буюу 142 цэцэрлэг, 97 сургууль болон өргөтгөлийн барилгын үйл ажиллагаа шийдэгдэнэ.

 

ЭЕШ-ын хуваарьт өөрчлөлт орсон нь ямар учиртай юм бэ?

 

-ЭЕШ-ын хуваарьт өөрчлөлт ороогүй. Одоо үндсэндээ улсын шалтгалт явагдаад дуусч байна.

 

-ЭЕШ-ын үеэр тест задрах асуудал гаргадаг. Энэ эрдлээс хэр сэргийлж байна вэ?

 

-ЭЕШ-ын тест задлагдах вий гэдэг асуудлыг олон нийтийн зүгээс бидэнд байнга тавьдаг. Тиймээс энэ эрсдлээс сэргийлж хамгаалалт хийж чадсан. Санамсаргүй даалгаврыг багш нар зохиохгүй. Шалгалт эхлэхээс тодорхой хугацааны өмнө даалгаврын санг интернэтэд байрлуулсан. Зөвхөн тэр байршуулсан даалгавар дотроос шалгалт ирнэ. Даалгаврын санд байршуулсан 4000 бодлогыг бодсон хүүхэд шалгалтдаа санаа зовох зүйлгүй.

 

Мөн техникийн дэвшлийг бид ашиглана. ЭЕШ өгөх хүүхэд багатай гурван аймгийг сонгоод онлайнаар тестийг уншуулна. Эцэг эхчүүдийг байлгана. Ирэх оны төсөвт тоног төхөөрөмжийн зардлаа тусгавал хүний оролцоогүйгээр хүүхэд өөрөө шалгалтаа амжилттай хийсэн бол дүнгээ хоёрхон минутын дотор мэдээд гарах боломжийг олгоно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин