Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй мэдээлэл хийлээ


Гэр бүлээ цуцлуулсан хэдий ч хүчирхийлэлд удаа дараа өртсөөр байгаа иргэн В.Содончимэг, өмгөөлөгч Г.Лхагвагсүрэнгийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэн В.Содончимэг нь 2008 оноос нөхөр Б.Ганзоригтойгоо амьдарч, хоёр охинтой болсон аж. Гэвч 2009 оноос хойш таван жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байгаагаа ярьж байна. Хуулийн байгууллагад олон удаа хандан, Б.Ганзоригт хэрэг үүсгэн, арга хэмжээ авсан ч нэмэр байгаагүй тул 2014 онд гэрлэлтээ цуцлуулжээ.
Тэгээд 2015 онд буцаж нийлсэн ч дахин дарамталж эхэлсэн байна. Ингэхдээ өөр эхнэртэй болж, гудамжинд явж байхад нь зодож дарамталдаг болсон талаар В.Содончимэг ярилаа. Тэрбээр салсан нөхөр нь байнга, дарамталж, хүчирхийлж байхад хуулийн байгууллага дорвитой арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой буй аж.
Б.Ганзориг нь хууль хяналтын байгууллагад нийт 11 удаа шалгагдсан байна. Ингэхдээ эхнэр В.Содончимэгийг сүрдүүлж танхайрсан, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр шалгагдаж байжээ.
Г.Ногоондарь
СЭТГЭГДЭЛ БИЧИХ