Ерөнхийлөгчийн ЗУРАГ юуг өгүүлэв
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Энэ удаагийн хуралдаанд манай улс АЖИГЛАГЧИЙН статустай оролцсон. Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ статусаа үйлдлээрээ харуулав бололтой. Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр авахуулсан фото зураг бүхэнд тэрбээр АЖИГЛАГЧийн байр сууринаас ханджээ. Албаар, тавилттай мэт гэрэл зургууд Ерөнхийлөгч юуг хэлэхийг хүсэв гэсэн асуултыг ардаа дагуулав. Ийн Ерөнхийлөгч гэрэл зургаараа ажиглагч гэдгээ харуулсан ч хэлсэн үгэндээ огт өөрийг өгүүлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ “...Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна...” хэмээн тус байгууллагад элсэхээр дотооддоо ажиллаж эхэлснээ Чиндаогийн индрээс дэлхийд дуулгав. Тэрбээр үгийнхээ төгсгөлд “...Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч нийт улсуудтай ард түмнүүдийн харилцан итгэлцэл, найрамдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин илэрхийлье” хэмээн санаагаа дахин бататгав.
Ерөнхийлөгчийн хийсэн үйлдэл, хэлсэн үг хоёрын дундах алд дэглэмийн зөрүү юуг илэрхийлэв. Тэрбээр энэ удаагийн уулзалтад Монгол Улс АЖИГЛАГЧ орон гэдгийг үйлдлээрээ илэрхийлж, харин дараагийн удаад бид оролцогч улс болно гэдгийг үгээрээ илэрхийлэв бололтой.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ