ШУУД: Аялал жуулчлалыг хөгжүүлэх автобус аялалдаа гарлаа
2018-06-15

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг хэрэгжүүлэхээр болсон. Уг автобустай аяллын нээлт өнөөдөр /2018.06.15/ Сүхбаатарын талбайд боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс оролцов.

 

 “Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах аж. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд  нийслэл хотын түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм байна.

 

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Иймд энэхүү  “Сити-тур” буюу хотын автобустай аялал нь Монголынхоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж албаныхан үзэж буй юм байна.

 

Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна.

Shuud.mn
Сонин хачин