ДАШТ-2018: Алдартай хөлбөмбөгчдийн тухай сонирхолтой баримтууд
2018-06-19

Хөлбөмбөгийн оддын талаарх бүх мэдээлэл нийтэд ил мэт санагддаг. Хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид дэмждэг баг, тоглогчийнхоо намтар түүх, гэр бүл гээд бүхий л мэдээллийг нь сонирхдог. Харин Би-Би-Си агенлаг хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй, хөлбөмбөгчдийн тухай сонирхолтой баримтуудыг цуглуулжээ.

 

Криштиану Роналду (Португал): Найздаа талархсан сэтгэл

 

 

Криштиану Роналду олон үзүүлэлтээрээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэж тооцогдоод хэдэн жилийн нүүр үзлээ. Хэдий нэр алдарт хүрсэн ч тэрбээр найзынхаа тусыг мартдаггүй. Тэрбээр өсвөр насанд нь нэг багт тоглож байсан дотны найз Альберт Фантрауд үргэлж талархаж явдаг нэгэн.

 

Нэгэнтээ, Фантрау болон Роналдугийн тоглодог клубт Лиссабоны “Спортинг”-ийн төлөөлөгч ирж, хэн илүү гоол хийснийг нь сонгон авна хэмээн амлажээ.

 

Энэ тоглолтоор Роналду болон Фантраугийн баг 3:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Хоёр найз хоёулаа нэг, нэг гоол хийгээд байжээ. Ингээд Фантрау хаалгачийн өөдөөс харан зогсож, гоол хийх мөч ирэв. Тэрбээр ганц цохид л гоол оруулахад бэлэн байлаа. Гэвч тэрбээр бөмбөгөө өшиглөсөнгүй, харин Роналдуд бөмбөг дамжуулан, Роналду ч энэ боломжийг алдаагүй гэнэ. Ингэж л Роналду “Спортинг”-ийн залуусын академид орж чаджээ.

 

Тухайн үед найзынхаа хийсэн үйлдлийн учрыг Роналду шалгаахад Фантрау “Чи надаас сайн” хэмээн хариулсан байна.

 

Фантраугийн хөлбөмбөгийн карьер нэг их удалгүй дуусч, тэрбээр нэг хэсэг ажилгүй байжээ. Гэхдээ тэрбээр тансаг байшинд амьдран, үнэтэй спорт машин унаж байгааг харсан сэтгүүлч “хаанаас энэ бүхнийг аваа вэ?” гэж асуухад “Криштиану өгсөн юм” хэмээн хариулсан байна.

 

Лионель Месси (Аргентин): Цаасан салфеткан дээрх гэрээ

 

 

Мессигийн шаргуу, уйгагүй зангийн талаар шүтэн бишрэгчид нь сайн мэднэ. Месситэй хамт нэг багт тоглож байсан Хуан Мануэль Легисамон Мессиг Аргентинд амьдарч байх, өсвөр үед нь тохиосон нэгэн явдлыг дурсчээ. Мессигийн багт хариуцлагатай тоглолт тулж ирээд байв. Ялсан багын шагнал унадаг дугуй байв. Гэвч Месси тоглолт эхлэхэд ирсэнгүй.

 

“Эхний цаг дуусахад бид 1:0 харьцаатайгаар хожигдож байв. Гэтэл гэнэт л Месси гараад ирсэн. Тэр гэрийнхээ угаалгын өрөөнд түгжигдчихээд, тоглолтондоо амжихын тулд хаалганы цонхыг хагалахаас аргагүй болсон гэсэн. Бид тоглолтыг 3:1 харьцаатайгаар ялалтаар өндөрлүүлсэн бөгөөд 3 гоолыг гурвууланг нь Месси хийсэн юм” хэмээн  Хуан Мануэль Легисамон дурсжээ.

 

13 настайдаа Барселонагийн өсвөрийн академид ирсэн Месси кока-кола ундаанд хэт орсон тул академийнхан ойр хавийн хийжүүлсэн ундааны автомат машинуудыг бүгдийг хураахаас аргагүй болж байсан гэдэг.

 

Месси Барселонатай хийсэн анхны гэрээ цаасан салфеткан дээр үйлдэгджээ. Клубын төлөөлөгч Месситэй чухамхүү тэр цаг мөчид л гэрээ хийх ёстой гэж үзсэн тул бичгийн цаас хайхад ч хугацаа зарцуулахыг хүсэлгүй салфеткан дээр гэрээ байгуулсан гэнэ.

 

Мохаммед Салах (Египет): Одын өвчингүй од

 


Өнөөдөр хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн тод гэрэлтэж буй од нь Мохаммед Салах хэдий ч тэрбээр тун даруу нэгэн гэнэ.

 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Египетийн шигшээ баг ДАШТ-д орох эрхээ авсан нь тус улс 1990 оноос хойш анх удаа дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан тохиолдол байлаа. Египетийн шигшээ багийнхан Конгогийн багийг хожиж эрхээ авсан бөгөөд хоёр гоолыг хоёуланг нь Салах оруулжээ.
 

Энэ тоглолтын дараа Египетийн нэгэн баян бизнесмэн эр Салахд талархал илэрхийлэн үнэтэй тансаг байр бэлэглэхийг хүссэн гэнэ. Харин туйлын даруухан Салах энэ бэлэгнээс татгалзаж, төрөлх Нагриг тосгонд нь хандив өргөхийг хүссэн байна.

 

Неймар (Бразил): Ядуусын хорооллоос дээдсийн хүрээлэнд

 

 

 

Хөлбөмбөгчний хүүхэд нас Бразилд, тун тарчиг орчинд өнгөрчээ. Түүний эцэг нэгэнтээ хүү нь “тэгээс биш харин хасах таваас эхлэсэн” хэмээн ярьсан байна.

 

Неймарын гэр бүлийнхэн өвөөгийнх нь гэрт нэг л матрасан дээр унтдаг байсан бөгөөд байнга л цахилгаан тасардаг байсан тул ихэвчлэн лааны гэрлээр гэрээ гэрэлтүүлдэг байжээ.

 

Неймарын эцэг нь гэр бүлээ тэжээхийн тулд гурван ажил хийдэг байсан тул хүүгийнхээ оролцсон тоглолтуудыг тун цөөн үзэж байсан гэнэ.

 

Антуан Гризманн (Франц): Хүүхдийн зохиолч

 

 

Гризманн зөвхөн довтлогч төдийгүй хүүхдийн номын зохиогч нэгэн. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард хэрхэн хөлбөмбөгчин болсон талаараа бичсэн “Гоол!” цувралынхаа эхний номыг гаргажээ.

 

“Мэргэжлийн тамирчин болохын тулд асар их саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болсон. Миний зам дардан байгаагүй ээ. Одоо би бяцхан Мии охины аав, мөн амьдрал, спортын тухай сэтгэгдлээ хүүхдүүдтэй хуваалцмаар байна. Тиймдээ ч ном бичиж эхэлсэн” хэмээн Гризманн ярьжээ.

 

Садио Мане (Сенегал): Хаа сайгүй гүйгч

 

 

Манегийн ховорхон чанаруудын нэг нь “цахилгаан” худ. Тэрбээр унадаг дугуй эсвэл автомашинаар хэзээ ч явдаггүй, үргэлж гүйдэг тул ийнхүү чадвараа хөгжүүлж чаджээ. Бүр хаа сайгүй гүйж явдаг гэнэ.

 

Славомир Пешко (Польш): Дөрвөн бөөртэй тамирчин

 

 

“Лехия” клубын хагас хамгаалагч Славомир Пешко төрөлхийн дөрвөн бөөртэй гэнэ. Тэрбээр Германы “Кельн”-д шилжих үеэр, 2011 онд эмнэлгийн үзлэгт ороход дөрвөн бөөртэй гэдэг нь тогтоогджээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин