П.Баттөр: Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын тансаглал хэрээс хэтэрлээ


“Эрдэнэт үйлдвэр” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хавчин гадуурхаж, ажлын байр болон үйлдвэр рүү нэвтрүүлэхгүй байгаа талаар мэдээллээ.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд баялаг бүтээгчдийн мөнгөөр тансаглаж, хувьдаа завшиж буй талаар мэдээлэв. “Эрдэнэт үйлдвэр” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын тансаглал хэрээс хэтэрсэн. Х.Бадамсүрэн гэдэг хүн 280 сая төгрөгөөр машин авч унасан. 200-аад сая төгрөгөөр байраа засч байна. Хууль бусаар нийгмийн асуудал эрхэлсэн захирлыг томилж, Таван богд компаниас 231 сая төгрөгөөр Ланд круйзер авч өгч байна.
Ингэж тансаглал байгаа хэрнээ хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалин нэмэхийг эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулж байна” хэмээн ярилаа.
Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрт улс төрөөс томилогдсон захирал хэрэггүйг уурхайчид шаардаж буйг хэллээ. Томилгооны захирал намынхаа төлөө ажилладаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг дотроосоо, олон жил ажилласан хүмүүсээс сонгох журмаар томилохыг үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж байгааг хэлэв.
Дашрамд дуулгахад Эрдэнэт үйлдвэр хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн татварыг улсад төлдөг аж.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ